Гэдэсний халдвараас сэргийлэх өдөрлөг болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛДархан-Уул аймгийн Нэгдсэн Эмнэлгийн Хүүхдийн тасгаас эрхлэн зохион байгуулсан “Гэдэсний халдвараас сэргийлье” өдөрлөг болов.
Өдөрлөгт тус Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлэгч хүүхдүүдийн эцэг, эх, асран хамгаалагч, бага насны хүүхдүүд оролцлоо. Мөн үеэр бага насны хүүхдийн дунд “Хэн гараа сайн угаах вэ?” үзүүлэх сургууль, эцэг эх, асран хамгаалагчийн дунд ярилцлага зохион байгуулж уг өвчнөөс сэргийлэх мэдлэг олголоо.
Уг сургалтын талаар аймгийн ЭМГ-ын “Эрүүл мэндийн мэдээлэл сургалтын төв”-ийн арга зүйч н.Наранцэцэг:-“Зуны халуун эхэлж хүүхдийн гэдэсний өвчин идэвхждэг үе таарч байгаа үед болж байгаа нь энэ удаагийн сургалт цаг үеэ олсон онцлогтой гэж хэлж болно. Гараа угаах дадлыг хүн бүр эзэмшиж ахуй амьдралдаа хэвшүүлж чадвал бохир гараар дамждаг олон өвчнөөс сэргийлж чадна. Энэ удаа бид урин дулааны улиралд аялал зугаалга, хөдөө, хот руу чиглэсэн хүн амын шилжилт хөдөлгөөн ихэсдэгтэй холбоотой гэдэсний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай зөвлөмж хүргүүлж байна. Мөн гудамж, талбайд ил задгай хүнсний бүтээгдэхүүнийг ихээр худалдаалдагтай холбоотой хоол хүнсээр дамжих халдвар нэмэгдэж гэдэсний халдварт өвчин гарах эрсдэл их болдог. Гэдэсний халдварт өвчинд цусан суулга, сальмонеллез, Е коли буюу гэдэсний савханцрын болон гепатит А буюу халдварт шар зэрэг өвчин багтдаг. Гэдэсний халдварт өвчний онцлог нь өндөр хоруу чанартай цөөн тооны бичил биетэн болох нян, вирүс хүний биед орсон тохиолдолд өвчлүүлэх боломжтой бөгөөд эдгээр өвчин үүсгэгч нян вирүс нь халдварт өвчтэй хүн, мал амьтнаас гадна орчинд халдварлаж улмаар хоол хүнсний зүйл, бохир гар, ус, хөрс, эд зүйлсээр дамжин хүний биед халдварлаж өвчин үүсгэнэ. Иймээс энэ бүхнээс сэргийлэхэд энэ удаагийн сургалт ач холбогдолтой болж байна” гэв.
Б.Норовсамбуу