Г.Болор-Эрдэнэ: Нэр дэвшигчид хуулийн хүрээнд сурталчилгаагаа явуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2016-06-23 16:24:11

Увс аймгийн Сонгуулийн хорооны дарга Г.Болор-Эрдэнээс сонгуулийн бэлтгэл ажлын талаар тодруулга мэдээлэл авлаа.

-Сонгуулийн бэлтгэл ажил Увс аймагт хэрхэн явагдаж байна вэ?

-Сонгуулийн сурталчилгаа Увс аймагт ид явагдаж байгаа бөгөөд нэр дэвшигчид хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

-Увс аймагт хичнээн сонгогч байгаа тухай нарийвчилсан тоо гарсан уу?

-Энэ сарын 19-нд шилжих хөдөлгөөний бүртгэл хаагдсан. Аймгийн Иргэний бүртгэл, статистикийн газраас гаргасан судалгаагаар манай аймагт 3200 гаруй хүн нийслэлээс шилжин ирж сонгуульд оролцохоор болсон байна. Эдгээр хүмүүс зөвхөн УИХ-ын сонгуульд саналаа өгөх эрхтэй. Одоогоор сонгогчдын нэрсийн жагсаалтад 49 мянга гаруй сонгогч бичигдсэн байгаа. Үүн дээр шилжиж ирсэн хүмүүс нэмэгдэнэ.

-Сонгуулийн хэсэг, хороодод хичнээн хүн ажиллаж байна? Мөн сонгуулийн сурталчилгааг хэдэн хүн хийж байгаа вэ?  

-Аймгийн хэмжээнд 93 Санал авах байр ажиллаж байгаа. Сонгуулийн хуулийн дагуу төрийн албан хаагчид энэ удаагийн сонгуулийг зохион байгуулж байна. Аймгийн Сонгуулийн хороо, сумын Сонгуулийн хороо, хэсэг буюу Санал авах байранд нийтдээ 700 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна. Үүнээс гадна иргэний бүртгэл, мэдээлэл технологи, харуул хамгаалалтын ажилтнаар 300 орчим хүн, үндсэндээ 1000 гаруй төрийн албан хаагч ажиллаж байна.

   Нэр дэвшигчийн ухуулагч, шадар туслагч, штабын ажилтнаар нийтдээ 2000 гаруй хүн ажиллаж байгаа. Үүнээс гадна автомашины зөвшөөрлийг мөн 2000 хүнд өгсөн.

-Сонгууль яаж явагдах вэ?

-Санал авах төхөөрөмжөөр тоологдоно. Нийт санал авах байрны 50 хүртэл хувьд нь техникийн тооллого хийгдэнэ. Тооллогыг хэрхэн хийх талаар СЕХ-оос тусгай журам гарах бөгөөд аль хэсэгт техникийн тооллого хийх талаар сонгууль дуусангуут мэдээлэл өгнө.

Одоогоор санал авах төхөөрөмж болон саналын хуудас хэвлэгдэж ирээд цагдаагийн хамгаалалтад хадгалагдаж байна. Сонгуулиас гурав хоногийн өмнө Санал авах байруудад саналын хуудас болон бусад төхөөрөмжийг хүргэнэ. Энэ сарын 20-оос мэдээлэл технологийн баг ажиллаж эхлэсэн бөгөөд сумдад очиж тохиргоо хийх, интернэтэд холбох ажил хийгдэж байна.

-Сонгогчдын боловсролд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Увс аймгийн Сонгуулийн хороо нь Сонгуулийн хуулийг сурталчлахаар орон нутгийн гурван телевизтэй гэрээ байгуулан ажиллаж байна. Энэ гэрээний үндсэн дээр телевизүүд сонгууль явуулах цаг хугацаа, сонгуульд хориглох зүйлс, саналын хуудсыг хэрхэн тэмдэглэх чиглэлээр иргэдэд мэдээлэл өгч байгаа. СЕХ-оос бүх өрхөд зориулж сонгуульд хэрхэн оролцох талаар зөвлөмж ирүүлсэн. Энэ зөвлөмжийг бүх өрхөд тараана. Дээр нь нийт сонгогчдод урилга ирсэн байгаа. Энэ урилгыг сумын Сонгуулийн хороо болон Санал авах байруудад хүргүүлсэн бөгөөд сонгуулиас өмнө сонгогчдод хүргэх юм.

-Танд баярлалаа.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ