Баянхонгор аймаг цагаан идээгээ брэнд болгоно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
erdenechimeg@montsame.mn
2016-06-23 16:18:05

Баянхонгор аймгийн брэнд бүтээгдэхүүнээр Бяслаг, ингэний сүүн бүтээгдэхүүнийг нэрлэж байна.

Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын “Сүүн билэгдэл” ХХК нь 2014 онд Хөгжлийн банкнаас 140 сая төгрөгийн санхүүжилт авч хоногт 1 тонн сарлагийн сүү боловсруулах хүчин чадалтай голланд бяслаг, цөцгийн тос, аарцны үйлдвэр байгуулжээ. Таван хүнийг байнгын ажлын байраар хангаж буй тус үйлдвэр Эрдэнэцогт сумын малчдаас сүү худалдан авч үйл ажиллагаагаа явуулдаг байна. Тус компанийн үйлдвэрлэсэн Швейцарь бяслаг нь ӨМӨЗО-ны Хөх хотод зохион байгуулагдсан Монгол-Хятадын экспо үзэсгэлэнгийн Хэрэглэгч олонд таалагдсан шилдэг бараа, “Хангайн бүсийн түншлэл-2015” үзэсгэлэн худалдааны Гранфри шагналыг авсан бөгөөд бүтээгдэхүүнээ өөрийн аймгийн зах зээл болон Улаанбаатар хотын “Баян Монгол” хороололд өөрийн нэрийн барааны сүлжээ дэлгүүр нээн борлуулж байна.

Мөн Баянлиг сумын “Их халбаганат” ХХК нь 2013 онд ингэний сүү боловсруулах үйлдвэрээ өргөтгөн сав баглаа боодлоо шинэчлэн хоногт 800л сүү боловсруулах үйлдвэр ажиллуулж буй. Ингэний ундаа, аарц, ингэний сүүн зайрмаг, өтгөрүүлсэн сүү зэрэг бүтээгдэхүүн үйлдэрлэж, тус компанийн үйлдэвлэсэн ингэний сүүн бүтээгдэхүүн нь 2015 онд Аж үйлдвэрийн яамны “Үндэсний нэрийн бүтээгдэхүүн”-ээр шалгарсан. Цаашид цагаан идээний төрөлжсөн үйлдвэрлэлүүдийн бүтээгдэхүүнийг орон нутгийн брэнд болгох юм байна.

Б.Мөнхзул

 

Холбоотой мэдээ