"Хэнтийн боловсрол 100 жил" ном бүтээнэ

Орон нутагт | Хэнтий
odontungalag@montsame.mn
2021-06-12 19:37:10
Хэнтий /МОНЦАМЭ/ Энэ жил Боловсролын салбарын 100 жилийн ой тохиож байна. Ойн хүрээнд Хэнтий аймгийн БСУГ-аас түүхэн ном бүтээхээр ажиллаж, материалуудаа цуглуулж эхэлжээ.

Өмнөдэлгэр сумын ЕБС-ийн тухайд, 1940 онд “Баянбулагийн бага сургууль” нэртэйгээр байгуулагдаж, 80 жилийн түүхийг бүтээсэн ууган сургуулиудын нэг юм. Анхны захирлаар Ч.Жамган ажиллаж хоёр багш, 50 сурагчтай үүдээ нээж байсан бол одоо 50 багш, 1025 суралцагч, 30 гаруй ажилтантай үйл ажиллагаагаа явуулдаг “ХААН” бүсийн төв сургууль болон өргөжсөн байна.
Өнөөдөр Монголын боловсролыг дэлхийн жишигт нийцүүлэх зорилгоор тус хамт олон боловсролын салбарын өөрчлөлт шинэчлэлийн манлайд байж, шинэ зууны иргэдийг төлөвшүүлэн, иргэдэд тэгш хүртээмжтэй боловсролоор үйлчлэх үүргээ биелүүлэн ажиллаж байна. Тус сургуулийн материаллаг бааз жилээс жилд нэмэгдэж, орчин үеийн техник сургалтын технелогиор бүрэн хангагдаж, сурагчдын суралцах ая тухтай орчин бүрдсэн аж.
Өмнөдэлгэр сумын ЕБС-аас Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, далай даян дархан аварга Б.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Д.Лида, МУУГЗ, уран барималч Чимэдийн Дашзэвэг, Монгол Улсын Гавьяат багш, нэрт хөгжмийн зохиолч Л.Галмандах, МУГЖ, Чингис хаан хамтлагийн ахлагч Д.Жаргалсайхан, МУГЖ, дуучин Г. Эрдэнэбат, МУГЖ, дуучин Д.Энхзул, Улсын аварга Э.Оюунболд зэрэг олон алдартан төрөн гарчээ.
Энэ мэт боловсролын салбарын үйл ажиллагаатай холбоотой олон сонирхолтой мэдээлэл дээрх номд багтах аж.
Холбоотой мэдээ