“Таны хандивласан 1000 төгрөг хотон шувуунд амьдрал бэлэглэнэ” хандивын аян өрнүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-03-12 15:23:42

Ховд /МОНЦАМЭ/.“Ногоон байгаль” эко клубийн сурагчид “Таны хандивласан 1000 төгрөг хотон шувуунд амьдрал бэлэглэнэ” хандивын аяныг Ховд аймагт зохион байгуулна.

Саяхан Жаргалант сумын ерөнхий боловсролын долоон сургуулийн эко клубийн ахлагч сурагчдаас бүрдсэн “Ногоон байгаль” клуб байгуулсан.  

Тус клубийн сурагчид өчигдөр Жаргалант сумын иргэн, биологич Ц.Ганболдтой уулзаж, гэмтсэн хотон шувууг хоёр дахь удаагаа монгол гэрт тэжээж байгаатай танилцсан байна.

Энэхүү хотон шувууны баруун далавчны нэг, хоёрдугаар үе нь хугарч улмаар яс нь бороолж эдгэсэн. Үүнээс шалтгаалан далавчаа гүйцэд дэлгэж, нисэж чадахгүй байгаа юм. Иймээс Солонгос, Япон улсын мал эмнэлгийн байгууллагад хагалгаа, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэх шаардлагатай гэж биологич Ц.Ганболд ярив.

Үүнтэй холбогдуулан “Ногоон байгаль” эко клубийн сурагчид баруун далавч нь гэмтсэн тус хотон шувууны эмчилгээнд туслахаар шийдэж, “Таны хандивласан 1000 төгрөг хотон шувуунд амьдрал бэлэглэнэ” гэх хандивын аян өрнүүлэхээр болжээ.  

Энэ бол тус клубийн сурагчдын санаачилсан анхны ажил гэдгээрээ онцлогтой. Аяны үйл ажиллагаа зохион байгуулах хугацаа, холбогдох ажлын төлөвлөлт хараахан тодорхой болоогүй байна. 

Холбоотой мэдээ