Иргэдийг автобусанд суух үед дахин шинжилгээ авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-08 16:08:04

Ховд /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Ховд аймаг руу зорчих хүсэлт гаргасан 170 орчим иргэнийг татан авч байна.

Тодруулбал, Ховд аймгийн Онцгой комисс, Онцгой байдал, Цагдаа, Эрүүл мэндийн байгууллагын ажилтан, алба хаагч, эмч, мэргэжилтнүүд коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд хууль, журмын дагуу ажилласаар буй.

Энэ сарын 8-ны өдрийн байдлаар хүсэлт гаргасан 170 орчим иргэн зөвхөн нийтийн тээврийн хэрэгсэл буюу таван автобусаар зорчсон байна. Үүний 30 гаруй нь Булган, Алтай, Үенч сумын чиглэлд зорин ирж байгаа юм. Харин 140 орчим иргэн Жаргалант сум болон бусад суманд ирэх аж. 

Ирж буй иргэн бүр PCR шинжилгээнд хамрагдсан. Гэхдээ эрсдэлээс сэргийлэх зорилгоор аймгийн Онцгой комиссоос томилсон ажлын баг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт томилолтоор ажиллаж, иргэн бүрээс автобусанд суух үед нь дахин түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авч, суулгаж байна гэж Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав мэдээллээ. 

Мөн Дарви сумын хяналтын цэгт дахин түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулахаар бэлтгэл хангажээ. Улаанбаатар хотоос зорчин ирж буй иргэн бүр 14 хоногийн хугацаанд гэрийн ажиглалт, тусгаарлалтын дэглэм мөрдөхийг албаныхан зөвлөв. Мөн гадуур явахгүй, айлд зочлохгүй, зочин урихгүй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. 

Холбоотой мэдээ