1249 нэгж цус, цусан бүтээгдэхүүн үйлдвэрлэн бусдад амьдрал бэлэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-02-03 19:00:12

Ховд /МОНЦАМЭ/. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн санаачилгаар сар бүрийн 3-нд “Цусаа бэлэглэх өдөр” тохиодог. Энэхүү өдрийн үйл ажиллагааг дэмжих, хамтран ажиллах хүсэлтэй байгууллага, хамт олон, иргэдийн тоо жил бүр нэмэгдэж буй.

Монгол Улсын хэмжээнд цус, цусан бүтээгдэхүүний хэрэгцээ өмнөх жилүүдээс найман хувиар өссөн боловч коронавирусний халдварын тархалтаас шалтгаалан “Явуулын цус цуглуулалт”-ын үйл ажиллагаа буурсан үзүүлэлттэй байна.

Иймээс нийгмийн хариуцлагынхаа хүрээнд цус хандивлах үйл ажиллагаанд иргэд идэвхтэй нэгдэж, Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн дэргэдэх Цусны салбар төвд ажлын цагаар нээлттэй үйлчлүүлэхийг уриалж байна.

“Цусаа бэлэглэх өдөр”-ийг тохиолдуулан одоогийн байдлаар Ховд аймгийн 10 донор цус хандивлаж, 30 хүнд амьдрал бэлэглэсэн гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Цусны салбар төвийн хамт олон өнгөрсөн 2020 онд нийт 430 донороос цус цуглуулж, 1249 нэгж бүтээгдэхүүн үйлдвэрлэн бусдад амьдрал бэлэглэжээ.

Ингэхдээ 967 нэгж бүтээгдэхүүнийг Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн тасаг, нэгжүүдэд, 86 нэгж бүтээгдэхүүнийг алсын дуудлагаар хөдөөгийн сумын иргэдэд түгээсэн аж.

Ховд аймгийн хэмжээнд бүртгэлтэй 1000 гаруй донор бий.

 


Холбоотой мэдээ