Хиллари Клинтон нэр дэвшигчээр сонгогдох магадлал өндөр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-07 09:43:11

ВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын зургаан муж улс, тэдгээрийн дотор Калифорни муж улсад Ардчилсан намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонгох сунгаа өнөөдөр болно. Хиллари Клинтон тус намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр сонгогдоход шаардлагатай тооны төлөөлөгчдийн саналыг авах магадлал өндөр байна.

АНУ-ын зүүн нутгийн Нью-Жерси муж улсад явуулсан санал хураалтын дүнгээс үзвэл, Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон өрсөлдөгч сенатч Берни Сандерсыг ялжээ.

“ABC News” телевиз мэдээлснээр, Клинтоныг дэмжин одоогоор 2358 төлөөлөгч саналаа өгөөд байна. Нэр дэвшигчээр сонгогдоход шаардлагатай 2383 саналыг авахад ердөө 25 төлөөлөгчийн санал дутуу байгаа юм. Клинтон өнөөдрийн санал хураалтуудад хангалттай тооны санал авах магадлал өндөр байна.

Бүгд найрамдах намаас ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээр сонгогдох нь үндсэндээ тодорхой болоод байгаа Дональд Трампын эсрэг кампанит ажлаа идэвхжүүлэхийн тулд Клинтоны хувьд Ардчилсан нам дотор нэр дэвшигчийг тодруулах үйл явцыг зогсоох нь чухал байгаа юм. Харин сенатч Берни Сандерс ирэх сард болох Ардчилсан намын хурал хүртэл бууж өгөхийг хүсэхгүй байна.

Хамгийн олон төлөөлөгчтэй Калифорни муж улсад Ардчилсан намын хоёр гишүүн зуузай холбон өрсөлдөх магадлалтай байгаа юм.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ