Хирошимад хэлэх үгээ Обама нухацтай бэлдсэн гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-06-03 09:10:50

ВАШИНГТОН. /NHK/. Өнгөрсөн сард Японы Хирошима хотод айлчлахдаа хэлсэн үгээ Ерөнхийлөгч Барак Обама удаа дараа нухацтай засч бэлтгэсэн гэж Цагаан ордны нөлөө бүхий албан тушаалтан хэллээ.

Атомын бөмбөгдөлтөд өртсөн Японы тус хотод Обама тавдугаар сарын 27-нд түүхэн айлчлал хийсэн юм. Тэрбээр албан тушаалаа хашиж байхдаа тус хотод айлчилсан АНУ-ын анхны ерөнхийлөгч болсон билээ.

1945 онд Америкийн атомын бөмбөгөнд өртөн амиа алдсан хүмүүсийн дурсгалд зориулсан хөшөөнд тэрбээр цэцэг өргөж, бөмбөгдөлтөөс амьд үлдсэн хүмүүсийн өмнө үг хэлсэн юм.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн орлогч Бен Родес интернэт сүлжээгээр энэ талаарх бодлоо илэрхийлэхдээ “Ерөнхийлөгч Обама уучлалт гуйгаагүй. Дэлхийн хоёрдугаар дайны үед эрх чөлөөгөө хамгаалж чадсанаараа америкчууд бахархдаг” гэжээ.

Хүн төрөлхтөн түүхээс сургамж авах ёстой гэдгийг ойлгуулж, хэлэх үгэндээ тусгахын тулд Обама айлчлалын үеэр хэлэх үгээ удаа дараа зассан гэдгийг Родес дурдсан байна.

Обама хэлсэн үгээ хэрхэн нухацтай бэлдсэнийг харуулахын тулд түүний хэлсэн үгний гар бичмэлийн зарим хэсгийг интернэтэд тавьжээ.

Г.Доржханд

 

Холбоотой мэдээ