Азербайжан Армениас нөхөн төлбөр олгохыг шаардана

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-11-17 10:43:43

МОСКВА. /Kommersant/. Уулын Карабахт дэд бүтэц, байшин барилга эвдэрч сүйдсэнтэй холбоотойгоор олон улсын шүүхээр дамжуулан нөхөн төлбөр олгохыг Арменийн эрх баригчдаас шаардана хэмээн Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиев мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Азербайжаны хяналтад шилжсэн Физулин, Жебраил дүүргүүдээр зочлох үеэрээ мэдэгдсэн байна. 


"Жебраил районд эвдэрч сүйдээгүй, бүрэн бүтэн нэг ч байгууламж алга. Сургууль, байшингууд, бусад байгууламж бүгд сүйджээ. Азербайжан энэ хохирлыг барагдуулахыг шаардах болно. Эсрэг тал бүх дэд бүтцийг сүйтгэжээ. Тэд үүнийхээ төлөө олон улсын шүүхэд хариуцлага хүлээнэ. Дахин давтаж хэлэхэд, би энэ хэрэгт олон улсын байгууллага, шинжээчдийг татан оролцуулж, бүх хохирлыг тооцож, 30 жилийн нөхөн төлбөр шаардах болно” хэмээн Алиев хэлсэн байна.


Уулын Карабахт дайн зогсоох тухай хэлэлцээрийг Азербайжан, Армени, ОХУ-ын хооронд 11 дүгээр сарын 9-нд байгуулсан юм. Азербайжанд Уулын Карабах болон түүний зэргэлдээх нутаг дэвсгэрийн дийлэнх хэсэг шилжиж, Орос энхийг сахиулагчдаа илгээсэн бол Армени цэргүүдээ татжээ.

Холбоотой мэдээ