Япон томоохон хэмжээний цэргийн сургууль хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-10-30 10:08:29

ТОКИО. /Yomiuri/. Японы Хуурай замын өөрийгөө хамгаалах хүчин цэргийнхээ бүх бие бүрэлдэхүүнийг хамарсан өргөн цар хүрээтэй сургуулилалт хийхээр хэлэлцэж байна гэж “Yomiuri” сонин мэдээлэв.


Цэргийн сургуульд 140 мянга хүртэл цэргийн алба хаагч оролцож магадгүй байна. “Yomiuri” сонинд мэдээлснээр, сургуулилтын үеэр Хятад улс Тайваньд зэвсэгт түрэмгийлэл үйлдсэн онцгой байдлын нөхцөлд хэрэгжүүлэх тактикийн хувилбаруудыг боловсруулах аж. Мөн Бээжинтэй газар нутгийн маргаантай байдаг Сенкаку (Дяоюйдао) бүлэг арлын бүсэд БНХАУ цэргийн өдөөн хатгалга явуулсан тохиолдолд хэрэгжүүлэх хувилбарыг боловсруулна.


Хятад улс Тайвань руу цэргийн хүчээр дайрсан тохиолдолд Сенкаку болон Японы баруун өмнөд хэсэгт орших бусад алслагдсан жижиг арлуудыг эзлэн авахыг оролдоно гэж Японы цэргийнхэн үзэж байгаа аж.  


“Yomiuri” сонинд бичсэнээр, Японд ийм том хэмжээний сургуулилалтыг ганцхан удаа 1985 онд хийсэн байна. Тухайн үед Японы цэргийнхэн ЗСБНХУ хойд Хоккайдо арал руу нь довтолсон үед хэрэгжүүлэх тактикийн хувилбаруудыг боловсруулж байжээ.


Өмнөд Хятадын тэнгис дэх, хүн оршин суудаггүй Сенкаку бүлэг арлын тавыг нь хувийн эзэмшигчдээс худалдан авснаа Токио хотын эрх баригчид 2012 оны есдүгээр сард мэдэгдсэний дараа уг арлын эргэн тойронд үүссэн газар нутгийн маргаан хурцдаж, БНХАУ-д Японы эсрэг томоохон жагсаал цуглаан болж байсан билээ. Үүнээс хойш Хятадын хөлөг онгоцууд маргаантай арлуудын ойролцоо байнга үзэгдэж, сүр хүчээ харуулах зорилгоор эргийн бүс рүү үе үе нэвтэрдэг болсон байна.


 


Холбоотой мэдээ