Асгат сум малын тэжээл тариалж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-10-29 18:05:22

Завхан/МОНЦАМЭ/. Асгат сум газар тариалангийн салбараа эрчимтэй дэмжин ажилласнаар 1000 орчим га талбайд улаан буудай, овьёос, хөх тариа тариалж ургацаа хураан авсан гэж Асгат сумын ЗДТГ-аас мэдээлэв.

1992 оноос хойш манай сумын газар тариалангийн үйлдвэрлэл бүрэн зогссон байсан. 2010 онд газар тариалангаа сэргээж ”Баяндарь” ХХК-ийн салбарыг сумандаа байгуулж, анх 700 орчим га талбайд улаан буудай, хөх тариа тариалж эхэлсэн. Одоо тус компани арваад жил сум орон нутагтаа газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж, амжилттай ургац хураан аваад байгаа. Түүнчлэн аймгийн Бэлчээр ашиглагчдын холбоотой хамтран малчдын оролцоотойгоор 21 га талбайд ногоон тэжээл тариалж ургацаа хурааж аваад байна.

“Аг цонж”, “МЦААН” ХХК-иуд гэхэд 270 орчим га талбайд үр тариа тарьсан байгаа. Ингээд сумын хэмжээнд энэ жил 1300 орчим га талбайд үр тариа, ногоон тэжээл тариалж өнгөрсөн намар ургацаа хураан авлаа. Өнгөрсөн жил “Аг цонж” ХХК-ийн хөрөнгөөр сумандаа хоногт 3-5 тонн багсармал тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай тэжээлийн үйлдвэрийг ашиглалтад оруулсан. Энэ жил үүнийгээ ашиглан мөн тэжээл үйлдвэрлэх зорилготой байгаа. Ингэснээр манай сумын малчид сумандаа өвс, тэжээлээр бүрэн хангагдах боломжтой болно. Газар тариалангаа сэргээснээр өвөл, хаврын улиралд мал зудад ажрахгүй онд ороход эерэг нөлөө үзүүлж байна.  

Сүүлийн үед байгалиас хадлан тэжээл авахад хэцүү болсон. Хадлан авах хэмжээний өвс ургахаа байсан.

Тэгэхээр сум орон нутагтаа бэлчээр өнжөөх, хашиж хамгаалах, газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих зайлшгүй шаардлагатай болоод буй юм. Энэ жил га -аас авах ургацаа бүрэн хураан авснаар зэргэлдээх сумууд өвс тэжээл худалдан аваад байгаа. Малчид, газар тариалангийн салбарт ажиллаж буй компаниуд хамтран ажилласнаар үр дүн ч гарч байна. Манай сум анх газар тариалангийн чиглэлээр байгуулагдсан сум юм. 65.4 мянган га газар нутагтай. Өнөөдөр 52 мянган толгой мал бэлчээрлэж байна. Зэргэлдээх сумуудтайгаа бэлчээр нутгийн маргаан нэлээд гардаг. Дотроо ч бас бэлчээрийн маргаан бий. Дээрх шалтгаануудаас болж бэлчээр ашиглалтын журамтай болсон. Журамтай болсноор бэлчээрийн маргаан харьцангуй багассан. Зун, намрын улиралд зургаадугаар сарын 1-ээс 10-р сарын нэгний өдөр хүртэл өвөлжөө, намаржааны газраар буухгүй. Бэлчээрийг хуваарьтайгаар эзэмших гэхчлэн давуу талууд гарсан гэж Асгат сумын ЗДТГ-аас мэдээлэв.

                                                              Сумандаа тохитой сууцад амьдрах боломж бүрджээ

Асгат сумын хувьд өнгөрсөн дөрвөн жилд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр олон ажил хийгдсэн байгаа.

Тухайлбал улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар ахмад, залуу үе дунд үе, хүүхдүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх боломжтой нийтийн биеийн тамир спортын талбайг шинээр байгуулж ашиглалтад өгсөн. БНСУ-ын 100 сая воны хөрөнгө оруулалтаар ус цэвэршүүлэх үйлдвэр байгуулж, иргэдийг цэвэршүүлсэн усаар хангаж байна. Албан байгууллагууд, зарим айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн халаалт, цэвэр усанд холбох  ажлыг бүрэн хийгээд байна. Ингэснээр дээрх айл өрх, албан байгууллагууд худгаас ус зөөх шаардлагагүй болж хананаасаа усаа авах боломжтой болсон төдийгүй зарим айл өрхүүд аж ахуйгаа өөд татах, шинэ сууц төлөвлөж барих ажлууд өрнөлөө. Хөдөөгийн суманд халуун хүйтэн устай, орон сууцнаас дутахгүй тав тухтай амьдрах боломжтой болсон байна. Мөн орон нутгийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар шинэ Соёлын төвтэй болж шинэ техник хэрэгслээр хангагдсан байгаа. Ингэснээр сумын иргэд тохь тухтай орчинд олон нийтийн болон соёл хүмүүжлийн ажлыг явуулах боломж бүрдсэн. Ерөнхий боловсролын сургуулийг 12 жилийн сургалттай болгосноор хүүхдүүд 11, 12-р ангиа сумандаа төгсөх боломжтой болсон. Энэ онд манай суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн дотуур байр барихаар төлөвлөгдсөн гэлээ.  

 

Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийн зарцуулалтыг иргэд хянадаг гэв

Асгат сум орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгийг хэрхэн зарцуулах талаар иргэдээсээ санал авч нэн тэргүүнд сумын эрүүл мэндийн төвдөө 14.5 сая төгрөгөөр цус, шээсний шинжилгээний аппараттай болжээ.

Ингэснээр алслагдсан сумын иргэд шаардлагатай шинжилгээг сумандаа өгөх боломж бүрдсэн байна. Мөн сумын ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын дэргэд малчны зургаан настай хүүхдүүдийн “Гэр өргөө”-г гурван сая төгрөгөөр тохижуулаад байна. Хүүхдийн цэцэрлэгт хоёр сая төгрөгийн үнэ бүхий тоглоомоор хангажээ. Энэ онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө болох 54 сая төгрөг хуваарилагдсанаас сумын төвөө камержуулах, шинээр халуун усны газартай болох, ахмадын өргөөтэй болох. Гудамж, талбай, нийтийн эзэмшлийн зам талбайг гэрэлтүүлэгтэй болгох, тохижуулах, ногоон байгууламжийн тоог нэмэх гэхчлэн ажлуудад зарцуулжээ. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр иргэдээс ирүүлсэн саналуудыг эрэмбэлж нэн шаардлагатай, хамгийн олон санал ирсэн ажлуудыг тухайн жилдээ хийхээр төлөвлөдөг. Төлөвлөгөөний хүрээнд хуваарилагдаж ирсэн хөрөнгийг хэрхэн үр ашигтай зарцуулсан талаараа иргэддээ тайлагнадаг гэж Асгат сумын ЗДТГ-аас нэмж дуулгалаа.

 


Иргэдийнхээ өрхийн амьжиргааг дэмжиж байгаа гэв

Асгат сум сум хөгжүүлэх сангийн зээлийг жинхэнэ эздэд нь олгох, хяналт тавих ажлыг эрчимтэй хийдэг гэж мэдээлэв.  

Иргэдийн ирүүлсэн төслийг сонгон шалгаруулах журмаар өрхийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, суманд жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх зорилгоор сум хөгжүүлэх сангийн зээлийг олгодог.

Гэтэл иргэд авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулахгүй банкны өрөнд өгөх. Хүүхдийн сургалтын төлбөр төлөх, эсвэл машин тэрэг аваад уначих гэх мэтээр өөр зүйлд зарцуулаад байгаа зүйл ажиглагдаад байдаг. Үүнийг таслан зогсоох үүднээс зээл авсан иргэдтэй хийдэг гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байгаа. Авсан зээлээ зориулалтын дагуу зарцуулаагүй бол хугацаа харгалзахгүйгээр буцааж төлүүлэхээр гэрээнд нь тусгасан. Мөн зээл авсан иргэд заавал нэг бүтээгдэхүүн бий болгосон байх шаардлагыг гэрээнд оруулж өгсөн. Энэ мэтчилэн авсан зээлийг нь үр дүнтэй болгох талаар анхаарал хандуулан ажиллаж байгаа. Энэ жил сум хөгжүүлэх санд 55 сая төгрөг эргэн төлөгдсөн. Үүнийг төсөл ирүүлсэн иргэдэд сонгон шалгаруулж олголоо. Мөн өнгөрсөн хавар 10 иргэнд нэг га орчим газар олгож төмс, хүнсний ногоо тариулж амжилттай ургац авсан байгаа.

Бид иргэдэд ногооны үрийг нь үнэ төлбөргүй олгосон. Хүнсний ногоо тариалсан иргэд маань өөрсдийнхөө хэрэгцээг хангаад илүүг нь зарж борлуулж ашигтай ажилласан. Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг өрхийн амьжиргааг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр үр дүнтэй зарцуулсан нь үр дүнгээ ч өгч байна. Манай сум хэд хэдэн нэрийн бүтээгдэхүүнтэй боллоо. Тухайлбал малын тэжээл, гурил, хүнсний ногоо, арьс ширэн эдлэл, нарийн боов, гурилан бүтээгдэхүүнээ гаднаас худалдаж авахаа больсон байна гэж Асгат сумын ЗДТГ-аас тус тус мэдээлэв. 



Холбоотой мэдээ