Энэ онд үйлдвэрлэгч 35 бүлгийг дэмжиж тоног төхөөрөмжийг гардуулан өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-10-23 19:37:42

Завхан/МОНЦАМЭ/. Европын Холбооны санхүүжилтээр Завхан аймгийн ЗДТГ-тай хамтран хэрэгжүүлж буй “Завхан аймгийн эдийн засгийн тогтвортой өсөлт хөгжилтөд Иргэний нийгмийн байгууллагуудын оруулах хувь нэмрийг нэмэгдүүлэх нь” төслөөс орон нутгийн үйлдвэрлэгч бүлгүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.

2018 оноос хойш уг төслийн хүрээнд одоогийн байдлаар нийт 59 үйлдвэрлэгч бүлгийг байгуулан сургалт болон тоног төхөөрөмжөөр хангаад байгаа. 2019 онд гэхэд 24 бүлэг тоног төхөөрөмжөө хүлээн авч бизнесээ эхлүүлсэн байгаа. Харин энэ онд 35 бүлгийг дэмжихээр төлөвлөж, тэдний 28 бүлэгт шаардлагатай тоног төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн байна. Тухайлбал 13 бүлэг газар тариалан, 12 бүлэг ааруул цагаан идээ, таван бүлэг талх нарийн боов, гурван бүлэг арьс шир боловсруулах болон гутал, арьсан бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр тоног төхөөрөмжөө гардан аваад байна. Дээрх тоног төхөөрөмжүүдийг хүлээн авснаар нэг бүлэг борц, нэг бүлэг эсгий эдлэлийн чиглэлээр бизнесээ эхлэх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх боломжтой болж байна. Тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд төслийн хамтрагч аймгийн ЗДТГ болон ИНБ-уудын төлөөллүүд оролцлоо. Төслийн хүрээнд байгуулагдсан үйлдвэрлэгч бүлгүүддээ цаашдын ажилд нь ажлын амжилт хүсье гэж Дэлхийн Зөн Монгол Олон улсын байгууллагаас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ