Гар бөмбөгийн 700 гаруй шилдэг тамирчин өрсөлдөж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-10-21 15:10:54

Завхан/МОНЦАМЭ/. Өнөөдөр тус аймагт өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээн эхэлж байна. Энэ жилийн тэмцээнийг Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын волейболын спортын холбоо хамтран волейболын спортын мастер, олон улсын дасгалжуулагч А.Ёндоншаравын нэрэмжит болгон түүний төрсөн нутагт зохион байгуулж байгаагаараа онцлогтой.


2020 оны өсвөр үеийн улсын аварга шалгаруулах волейболын тэмцээнд 18 аймаг, Улаанбаатар хотын дүүргүүдээс нийт 65 багийн 700 гаруй шилдэг тамирчид оролцож байна.  Өсвөр үеийн шилдэг тамирчид долоо хоногийн турш хурд хүчээ сорих юм. 

Тэмцээнд хөвгүүдийн 30, охидын 35 баг өрсөлдөж байна. Маргааш эхлэх хэсгийн тоглолтууд спортын дөрвөн зааланд зэрэг болох бөгөөд Завхан аймгийн хоёр телевиз DDish 928, 929-р сувгаар орон даяар шууд дамжуулна. Мөн Монголын волейболын холбооны фэйсбүүк хуудсаар шууд (live) дамжуулах юм. Тэмцээний дэлгэрэнгүй мэдээлэл, хуваарь, үр дүнг Монголын волейболын холбооны албан ёсны вэбсайт www.mva.mn дээрээс авч байх боломжтой гэж аймгийн БТСГ-аас мэдээлэв. 


Холбоотой мэдээ