Бенну солироос ус урсаж байсан ул мөр олджээ

Дэлхийд | Шинжлэх ухаан
Jargal.d@montsame.mn
2020-10-09 15:06:42

НЬЮ-ЙОРК. /TASS/. Америкийн гараг хоорондын “OSIRIS-REx” станц Бенну солирын гадаргуугийн бүрэн зургийг гаргаж, Найтингейлийн тогооноос усны урсгалын нөлөөгөөр үүссэн эрдэс бодисуудын тунадас олж илрүүлжээ. Уг аппарат 10 дугаар сарын сүүлчээр энэ тогоон дээр газардах юм. “OSIRIS-REx” станцаас хийсэн ажиглалтын үр дүнгийн талаар “Science” сэтгүүлд цувралаар нийтэлжээ.


“OSIRIS-REx” станцын буух бүсийн зургуудад дүн шинжилгээ хийж байхдаа бид Найтингейлийн тогооноос тод эрдэс бодисуудаар дүүрсэн нарийн судлуудын бүхэл бүтэн сүлжээг олж илрүүлсэн. Бид үүнийг хондрит солирууд дээр тохиолддогтой адил усны урсгалын нөлөөгөөр үүссэн карбонатуудын эрдсүүд гэж таамаглаж байна. Хэрэв энэ нь үнэхээр батлагдвал олон мянган жил эсвэл бүр сая жилийн турш Беннугийн гадаргуу дээр шингэн ус урсаж байсан гэсэн үг юм” гэж судлаачид бичсэн байна.


Бенну бол 600 орчим диаметрийн голчтой дэлхий орчмын жижиг солир юм. Уг солирыг 2013 онд нээжээ. Сансрын энэ биетийг судлах зорилгоор NASA агентлаг гараг хоорондын “OSIRIS-REx” станцыг 2016 оны есдүгээр сард илгээсэн байна. Уг станц 2018 оны 12 дугаар сарын 31-нд солирын тойрог замд оржээ.


Эхний ажиглалтаар Беннугийн гадаргуу нь том бул чулуунуудаар хучигдсан, харин чулуулгууд нь маш их ус агуулж байгаа болохыг харуулжээ. Энэ нь нарны аймаг хэрхэн үүссэн талаарх судалгааг улам сонирхолтой болгосон байна.



Холбоотой мэдээ