Киргизийн Ерөнхийлөгчид импичмент зарлах санаачилга гаргажээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2020-10-08 13:06:49

БИШКЕК. /TASS/. Киргизийн парламентын хэсэг бүлэг гишүүд тус улсын одоогийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбековт итгэл үзүүлэх эсэх үйл явцыг /импичмент/ эхлүүлэх санаачилга гаргалаа гэж "Ата-Мекен" намаас ардын депутатаар сонгогдсон Каныбек Иманалиев лхагва гарагт мэдээлжээ.


“Хэд хэдэн депутат импичмент зарлахыг санал болгосон. Энэ нь хэлэлцэх асуудлын жагсаалтад хэвээр байгаа бөгөөд одоогоор зөвхөн санаачилгын түвшинд байна. Зарим депутатууд гарын үсэг зурсан” гэж Иманалиев мэдээлсэн байна.


Түүний мэдээлснээр, лхагва гарагт урьд нь парламентын шинэ даргаар сонгогдсон Мыктыбек Абдылдаев болон 40 гаруй депутат оролцсон хурал болж, улс орныхоо одоогийн байдлыг хэлэлцжээ. Парламентын хурлыг хүчинтэйд тооцохын тулд 60 гаруй депутат оролцсон байх ёстой аж. Иманалиев хүчин төгөлдөр хурал пүрэв гарагт болно гэдэгт найдаж буйгаа хурлын үеэр илэрхийлээд, “одоо зөвхөн Ерөнхий сайдад нэр дэвшигчийг батлах санал хураалтын үйл явцтай холбоотой асуудлыг хэлэлцэж байгааг” нэмж дурдсан байна.


Үүний зэрэгцээ Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков улс оронд нь үүсээд буй байдлаас гарах гарц олохын тулд улс төрийн янз бүрийн хүчнүүдийн төлөөлөгчидтэй биечлэн уулзаж байгаагаа лхагва гаргийн орой мэдээлсэн байна. Киргизэд үүссэн улс төрийн хямрал нь “улс төрийн зарим хүчнүүдийн үйлдлээс үүдэлтэй” гэж тэрбээр хэлжээ.


Холбоотой мэдээ