Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нар зуучлагч орнуудтай хэлэлцээ хийнэ

Дэлхийд | Улс төр
khulan@montsame.gov.mn
2020-10-08 11:42:23

БАКУ. /NHK/. Азербайжан, Арменийн Гадаад хэргийн сайд нар Уулын Карабахын асуудлаарх зөрчлийг зохицуулахад зуучийн үүрэг гүйцэтгэж буй орнуудтай тусдаа уулзахаар болжээ.


АНУ, ОХУ, Франц нь Азербайжан дахь маргаантай бүс нутгийн талаарх урт хугацааны зөрчлийн хэлэлцээний зуучлагч бөгөөд уг бүс нутгийн оршин суугчдын дийлэнх нь уугуул арменичууд юм. 


Азербайжан, Арменийн цэргүүдийн хооронд өнгөрсөн есдүгээр сарын 27-нд мөргөлдөөн үүссэнээс хойш дээр дурдсан орнууд нэн даруй гал зогсоохыг талуудад уриалсаар байгаа билээ.


“Манай улсын Гадаад хэргийн сайд Жейхун Байрамов гурван орны төлөөлөгчидтэй Женев хотод пүрэв гарагт уулзаж, Азербайжаны байр суурийг тодорхой болгоно” гэж Азербайжаны Гадаад хэргийн яам мэдээлжээ.


Мөн Арменийн Гадаад хэргийн яамны мэдээлснээр, тус улсын Гадаад хэргийн сайд Зограб Мнацаканян ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулзахаар даваа гарагт Москвад айлчлах ажээ.


Гэсэн хэдий ч Азербайжан, Арменийн байр суурь асар зөрүүтэй байгаа тул гал зогсоох нийтлэг шийдлийг олох нь амаргүй юм.


Туркийн дэмжиж буй Азербайжаны тал Арменийн цэргүүдийг уг бүс нутгаас гарахыг шаардаж байгаа бөгөөд Туркийг гал зогсоох хэлэлцээнд элсүүлэх хүсэлтэй байгаа аж. 


Харин Арменийн хувьд бүс нутгийн статус квотой холбоотой өөрчлөлтийг эсэргүүцэж байгаа юм. 

Холбоотой мэдээ