Хамт олноороо "Хүмүүн бичигтэн" болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-05-18 17:45:31

 Их говийн зоригтны өлгий нутаг  хэмээн улс даяар алдаршсан Дорноговь аймгийн Өргөн сумын ерөнхий боловсролын сургуулийн  багш, сурагчид үндэсний бичиг соёлоо дээдэлдэг, сурч боловсордог, бусдад зааж сургадаг бүтээлч хамт олон юм.

Эдүгээ тус сургуулийн   зургаагаас есдүгээр ангийн хүүхдүүд хуучин монгол бичгээ долоо хоногт хоёр цагаар үзэж байна. Хуучин монгол бичгийг хүүхдүүдэд  сайтар сургахын  тулд сурагч, эцэг эхчүүдийн хамтын сургалтыг  сургалтдаа нэвтрүүлсэн  талаар монгол хэл, уран зохиолын багш А.Энхтуяа ярив.

Тухайлбал, багш зургадугаар ангиасаа анхлан монгол бичиг үзэж байгаа сурагчдыг “А” үсэг үзэж байгаа нэгдүгээр ангийн хүүхэдтэй адилтган анхаарал тавьдаг бөгөөд хүүхдээ хэрхэн сурч байгааг эцэг эхчүүд хичээл дээр нь ирж сууж мэдэхээс гадна дагаж сурч боловсрох боломжийг бүрдүүлсэн аж. Мөн сардаа нэг удаа уншлага хийдэг тул эцэг эхчүүдийн зарим нь ирж оролцсоноор  монгол бичгээ сурч эхэлжээ.

Хэдхэн хоногийн өмнө болсон  монгол бичгийн цагаан  толгойн баяраар зургадугаар ангийнхны 70-80 хувь нь уншиж, бичиж чаддаг болсон төдийгүй минутад дээд тал нь 100 үг уншсан амжилт  гаргажээ. Тогтоосон стандартаар 60 үг уншихад  л хангалттай гэж үздэг байна. Зөвхөн зургаагаас есдүгээр ангийнхан төдийгүй нийт сургуулийн хэмжээнд 70-80 хувь нь  хуучин монгол бичгийн зохих түвшний боловролтой болсон аж.

Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаандаа монгол бичгийн уншлагын хурдыг нэмэгдүүлэх ажлыг тогтмол зохион байгуулж хэвшсэн байна. Хэл соёлоо дээдлэн суралцдаг говь нутгийн сурагчдын дундаас есдүгээр ангийн сурагч Т.Чулуунтулга аймгийн  монгол хэлний олимпиадад дөрөвдүгээр байрт, Замын-Үүд суманд болсон залгамж бүсийн монгол  бичгийн олимпиадад мөн есдүгээр ангийн сурагч Т.Чулуунтулга мөнгөн медаль, Б.Тэгшдүүрэн хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.

Үүнээс гадна Өргөний сургуулийнхан  “Монцамэ”  агентлагаас эрхлэн гаргадаг “” Хүмүүн бичиг” сониныг хамт олноороо 30 ширхэгийг захиалсан бөгөөд II улирлын захиалгын тоогоороо аймагтаа хоёрдугаарт бичигдлээ.  

Х.Эрдэнэбулган

 

Холбоотой мэдээ