Улиастай сумын иргэн Б.Түдэвваанчигийн гэр бүл оюунлаг гэр бүл болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-08-07 19:05:13

Завхан/МОНЦАМЭ/.Завханд ном уншлагыг идэвхжүүлэх, өрхийн номын сангийн тохижилтыг дэмжих цахим аяныг зохион байгуулж дүгнэжээ.

COVID-19 коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хөл хорионы үеэр гэрийн нөхцөлд суралцаж байгаа хүүхдүүдэд дэмжлэг болох, сургалтын орчныг бүрдүүлэх, гэр бүлээрээ чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх зэрэг зорилгоор тус аяныг аймгийн Боловсрол Соёл урлагийн газраас зохион байгуулжээ.

Аянд 19 сумын 46 өрх идэвхтэй оролцож тэргүүн байрыг Улиастай сумын иргэн Б.Түдэвваанчигийн гэр бүл, хоёрдугаар байрыг Түдэвтэй сумын иргэн Б.Баярсайхан, Идэр сумын иргэн Т.Баянтөрийн гэр бүл, гуравдугаар байрыг Тэлмэн сумын иргэн Т.Гантулга, Алдархаан сумын иргэн Л.Самдан, Отгон сумын иргэн Ж.Ням-Очирын гэр бүлүүд эзэлжээ.


Дээрх гэр бүлүүд аймгийн Оюунлаг гэр бүлээр шалгарч үнэ бүхий зүйл мөнгөн шагналаар шагнуулсан байна. Ном уншлагыг идэвхжүүлэх, өрхийн номын сангийн тохижилтыг дэмжих аяныг аймагтаа анх удаа гэр бүл, өрхийн дунд зарласан юм. Хүүхэд залуучууд, өрх гэр бүлээрээ номд дуртай болох, гэр бүлээрээ номыг дээдлэх, ховор нандин номыг дээдэлж, цуглуулж, хадгалж хамгаалдаг болгох.

Гэр бүл бүхэн өөрийн гэсэн номын сантай болох, номоо тухтай тавтай орчинд уншдаг ном уншлагын булан, өрөөтэй болгох зорилготой аян үр дүнтэй хэрэгжсэн байна.


Аяны үр дүнд 50 орчим өрх өөрийн гэсэн номын санг өрх гэртээ тохижуулж ном уншлагын өрөө, буланг шинээр бий болгожээ. Эдгээрийг хийхдээ гарын доорх материал ашиглаж бүтээлчээр номын сангаа тохижуулсан нь олон өрхийн шинэлэг санаанаас харагдаж байсан.

Аянд оролцсон иргэд өөрсдийн гэсэн уншлагын өдөр цагтай болж, өрх гэр бүлээрээ хамтдаа бүгдийг хийж буй нь ялангуяа залуу гэр бүлүүдэд эерэг хандлагыг бий болгосон үйл ажиллагаа боллоо. Цахим орчинд бүтээлч хандлага, шинийг эрэлхийлсэн, эерэг хандлагыг түгээсэн постуудыг оюунлаг гэр бүлүүд маань нийтэлж байсан нь олон нийтэд сайн дадал хандлагыг уриалсан ажил боллоо гэж аймгийн БСУГ-аас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ