Эрх нь зөрчигдөж байгаа хүүхдүүдийн асуудал хэлэлцлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
erdenechimeg@montsame.mn
2016-05-13 09:27:14

Хүүхэд, эмэгтэйчүүдийн эрх зөрчигдсөн асуудал Ховд аймагт гарч байгаатай холбогдуулан аймгийн Хүүхэд хамгааллын хамтарсан баг, хүүхдийн Хууль зүйн хорооны гишүүдийн өргөтгөсөн хурлыг хуралдууллаа.

Тус Хурлаар хүүхэд хамгааллын мэргэжилтнүүд өсвөр насныхны дунд гарч байгаа хамгийн тулгамдсан асуудлуудыг хүүхэд хамгааллын хамтарсан багийнханд танилцууллаа.

Хүүхэд хөгжил гэр бүлийн хэлтсийн мэргэжилтнүүдийн судалгаагаар хөдөө сум замын ажилд ажилладаг жолооч сургуулийн сурагчтай бэлгийн харьцаа тогтоосон, алслагдсан багуудад хойд эцэг нь дагавар охиноо хүчирхийлдэг зэрэг бага насны хүүхдийн эрх ноцтоa зөрчигдөж байгаа асуудлыг илрүүлж ийм нөхцөл байдалд 34 хүүхэд байгаа гэдгийг Хүүхдийн эрх хамгаалах эрх бүхий байгууллага, удирдлагуудын сонорт хүргэсэн. Харин Цагдаагийн газрын дэргэд байрладаг Хамгаалах байранд эрх нь зөрчигдсөн эх, хүүхдүүдийг түр саатуулдаг байсан боловч өнөөдрийн байдлаар тэнд эх,хүүхэд байрлах орчин нь тохиромжгүй, нөгөө талаар тэднийг байрлуулах, хооллох зардал төсөв хүрэлцэхгүй байгаа нь бас нэг тулгамдсан асуудал үүсгээд байна.

Хулгайн хэрэгт холбогдсон хүүхдүүдийг сургуулиас нь чөлөөлж нийгэмшиж өөрийгөө хөгжүүлэх боломжгүй болгож байгаа учир нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлэх, бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхдүүдтэй холбоотой Эрүүгийн хэргүүд мөн Цагдаа, Прокурорын шатанд удаашралтай, хүлээлт үүсгэсний улмаас хэргийг хэрэгсэхгүй болгож байгаа зэрэг асуудлуудыг танилцууллаа.

Хүүхэд хамгааллын хамтарсан багийн дарга, аймгийн Засаг даргын нийгмийн хөгжлийн бодлого хариуцсан орлогч Ч.Чинбат салбарын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээлэл солилцох асуудалд эрчимтэй ажиллах талаар тодорхой чиглэл, хугацаатай үүрэг өгсөн байна.

Хүүхдийн эрх зөрчигдсөн дээрх асуудлыг шийдвэрлэхэд байгууллагуудын хоорондын ажлын уялдаа холбоо муу, санхүүгийн бэрхшээлтэй байдал зэрэг нь хүүхдийн төлөө ажил явуулдаг мэргэжилтнүүдийн ажилд хүндрэл учруулдаг байна.

Ховд аймаг А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ