Хамтран оролцож байж хариуцлага сайжирна гэж үзлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
erdenechimeg@montsame.mn
2016-05-11 10:13:09

“Глоб интернэшнэл” ТББ–аас хэрэгжүүлж байгаа “Боловсролын салбар дахь ил тод байдал, эргэх хариуцлага” төсөлд Булган аймаг оролцож байгаа. Аймгийн Боловсрол, соёлын газар, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхийн холбооны салбар зөвлөл хамтран, төсөлд оролцогч талуудын нэгдсэн уулзалтыг аймгийн Нутгийн удирдлагын ордны хурлын танхимд зохион байгууллаа.  

Оролцогч талууд буюу төрийн албан хаагч, сургуулийн удирдах ба бусад ажилтан, багш, эцэг эх, сурагчид боловсролын засаглалд мэдлэгтэйгээр, бүтээлчээр хамтран оролцсон тохиолдолд боловсролын салбарын эргэх хариуцлага сайжирч, боловсролын үйлчилгээний чанар дээшилнэ гэж төсөл хэрэгжүүлэгчид үзэж байгаа юм байна. Уг нэгдсэн уулзалт нь аймгийн боловсролын салбар дахь шийдвэр гаргах үйл явц дахь иргэдийн оролцоо, боловсролын чанартай үйлчилгээ хүртэх боломжийг нэмэгдүүлэхэд төрийн байгууллага, эцэг эх, төрийн бус байгууллагын хамтын бүтээлч оролцоо, үйл ажиллагаа, чадавхийг бэхжүүлэх хэрэгцээний талаар хэлэлцэх зорилготой юм. Уулзалтанд аймгийн төрийн болон төрийн бус байгууллага, сургуулийн захирал, ажилтнууд, эцэг эхийн төлөөлөл нийт 40 гаруй хүн оролцлоо.

Уулзалтын үеэр Глоб Интернэшнл төвийн ажилтан Ч.Энхбаяр, Иргэний нийгмийн үндэсний эвслийн ерөнхий зохицуулагч Д.Тунгалаг, ажилтан Т.Амарзаяа нар Сайн сургуулийг дэмжих аргачлал, Боловсролын төсөв, худалдан авах ажиллагааг нягтлах  аргачлал,  үзэл баримтлалыг танилцууллаа. Тус  төсөл хэрэгжих  Булган аймгийн Булган сумын 1-р сургууль, Бугат, Орхон сумын сургуулиудад сайн сургуулийг дэмжих аргачлал сэдвээр сургалт зохион байгууллаа. Дээр дурдсан  сургуулиудад сургуулийн эцэг эх, багшийн холбоо байгуулж, шийдвэр гаргах үйл явцад оролцох замаар сургуулийн удирдлагатай хамтран ажиллах,  сургуулийн болоод дотуур байрны төсөв боловсруулах, хэлэлцэх, батлах үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх,  сургуулийн хамт олон, эцэг эхтэй хамтран Сайн сургуулийг дэмжих аргачлалаар сургуулийн засаглал, сэтгэл зүй, материаллаг орчны тулгамдсан асуудлыг тодорхойлж, сайн сургууль болоход дэмжлэг үзүүлэх, аймаг, сумын түвшинд төсөлд оролцогч талууд аливаа асуудлыг хамтран зөвлөлдөж, хамтран зөвшилцөж, хүчээ нэгтгэн ажилласнаар боловсролын чанартай, хариуцлагатай, ил тод үйлчилгээнд хувь нэмэр оруулах болно хэмээн тэд дүгнэлээ.

                                                                                                                             П.Батням

 

 

Холбоотой мэдээ