Болзошгүй үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2020-06-22 14:42:58

Төв /МОНЦАМЭ/. Хүчтэй аадар бороо үргэлжлэн орох төлөвтэй байгаа тул гол мөрний эрэг дагуу суурьшин нутагшиж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, аялал зугаалгаар яваа ард иргэд та бүхнийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас онцгойлон анхааруулж байна.

Тодруулбал аймгийн ЦУОШГ-аас ирүүлсэн мэдээллээр маргааш буюу 23-нд баруун аймгуудын нутгийн зүүн, говь, зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 24-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 25-нд нутгийн зүүн хагаст дуу цахилгаантай бороо орно. Тиймээс хур борооны эрчимшил хэмжээнээс шалтгаалан гол мөрөн богино хугацаанд үерлэх, жижиг голууд болон хуурай сайраар уруйн үер буух нөхцөл бүрдэж байна. Иймд: Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах, үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх, голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед гармаар зорчихгүй зориулалтын гарцтай газраар зорчихыг аймгийн  Онцгой байдлын газраас анхаарууллаа.

 

 

Холбоотой мэдээ