Дэлгэрхаан суманд 160 хүүхдийн шинэ сургуулийн шав тавилаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Төв аймгийн Дэлгэрхаан суманд 160 хүүхдийн шинэ сургуулийн шав тавьж, ажлыг эхлүүллээ.
Шав тавих ёслолд аймгийн ЗДТГ-ын ХОХБТХ-ийн дарга Д.Саран-Эрдэнэ, ХОХБТХ-ийн мэргэжилтэн Я.Пагамаажав, Дэлгэрхаан сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл, гүйцэтгэгч компанийн хамт олон оролцлоо.
Дэлгэрхаан
сумын Ерөнхий боловсролын сургууль нь 1925 онд 320
хүүхдийн хүчин чадалтайгаар баригдсан бөгөөд 1987 онд сургуулийн өргөтгөлийн
хэсгийг барьж байжээ. 2013 онд тус сургуулийг үйл ажиллагаа явуулахад эрсдэлтэй
гэсэн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт гарсан байна. Иймээс сургуулийн
барилгыг шинэчлэх зайлшгүй нөхцөл байдал үүсэж, 2020 онд улсын төсвийн хөрөнгө
оруулалтаар барихаар шийдвэрлэжээ.
2017-2020 онд Дэлгэрхаан суманд улс, аймгийн
хөрөнгө оруулалтаар 250 хүний суудалтай Соёлын төвийн барилга, Эрүүл мэндийн
төвийн дээврийг засварлах, шинэ суурьшлын бүсийг дагасан дэд станц байгуулах,
эрчим хүч дамжуулах шонг шинэчлэх, шилэн кабельд холбох зэрэг нийт 4 тэрбум
төгрөгийн томоохон бүтээн байгуулалтын ажлыг хийж хэрэгжүүлсэн байна. 2020 онд
шинэ сургуулийн барилгын ажлыг эхлүүлж байгаагаас гадна цэцэрлэгийг ариун
цэврийн байгууламжтай болгох, Эрүүл мэндийн төвд “Эхийн амрах байр” тохижуулах,
үйлчилгээний төвтэй болох зэрэг ажлыг хийхээр төлөвлөжээ.
Тус барилгын ажлыг “Дөрвөн Лхагва” ХХК гүйцэтгэх бөгөөд 2021
онд хүлээлгэн өгөх аж.

