Арван мянган программист бэлтгэх сургалтын төсөл эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
192@montsame.mn
2020-05-26 16:17:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлээс зохион байгуулж буй мэдээлэл, технологийн салбарт “10 мянган программист” бэлтгэх төслийг өнөөдөр нээлээ. 

Нийслэлийн Засаг С.Амарсайхан нээлтэд оролцож хэлэхдээ, дэлхий нийтийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах эрин зуунд амьдарч буй бид өнөөдөр Улаанбаатар хотын хүн амын 65 хувийг эзэлж байгаа залуучууддаа сурах боломжийг бүрдүүлэхээр энэхүү төслийг эхлүүлж буйг онцлов.  

Тэрээр, "Технологид хил хязгаар байхгүй. Технологи, ухаалаг шийдэлгүйгээр Улаанбаатар хот цаашид хөгжих боломжгүй. Бид замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, хяналтаас эхлээд иргэдийнхээ аюулгүй байдлыг хамгаалах, гэмт хэргийг бууруулах гээд олон салбарт технологийн ухаалаг шийдлийг хэрэгжүүлэхээр зорьж байна. Тийм учраас энэхүү төслийг цаашид амжилттай хэрэгжүүлэх зайлшгүй шаардлага тулгарч байна" гээд нийслэлд Баянхошуу, Сэлбэ дэд төвүүд болон дүүргүүдэд залууст зориулсан инновацын төвийг байгуулж буй эхний ажлуудыг дурдлаа. 


Төслийн нээлтийн үеэр нийслэлээс программ бичих ур чадварын ерөнхий суурь мэдлэг олгох зорилгоор зорилтот бүлгийн 400 хүүхдэд анхан шатны, 100 хүүхдэд ахисан шатны сургалтыг зохион байгуулах “Эмпасофт” академитай хамтран ажиллах гэрээ байгуулж, сургалтыг эхлүүллээ. 

Мөн төслийн хүрээнд дэмжин хамтран ажиллахаар "Голомт" банктай санамж бичиг байгууллаа. Тус банк “Улаанбаатар инновацын төв”-д дата сикюрити, дата анализын чиглэлээр үйл ажиллагаа явуулах иж бүрэн сервер, компьютерийн лаборатори байгуулж, дэлхийн шинэ технологийн нээлтүүдийн талаар сургалт дадлага хийх юм. 



Холбоотой мэдээ