Японы дасгалжуулагч Казүхито Сакаэ чөлөөт бөхийн шигшээд зөвлөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2025-07-24 10:16:40

Улаанбаатар, 2025 оны долоодугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багт Японы алдарт дасгалжуулагч Казүхито Сакаэ зөвлөхөөр болжээ.


Дэлхийн чөлөөт бөхийн түүхэнд нэрээ тод мөнхөлж яваа Казүхито Сакаэ монголчууд алдарт бөх Саори Ёшида, Каори Ичо, Рисако Кавай зэрэг домогт бөхчүүдтэй ажилласнаар нь сайн мэднэ. Японы чөлөөт бөхийн эмэгтэй тамирчид зуны олимпын их наадмаас 14 алт, гурван мөнгө, ДАШТ-ээс 30 гаруй алтан медаль авахад түүний хувь нэмэр асар их билээ.


Монголын чөлөөт бөхийн холбоо шинэчилсэн бодлогын хүрээнд, урилгаар Казүхито Сакаэ 2025-2028 оны Лос-Анжелесийн зуны олимпын циклийг дуустал хамтран ажиллахаар болж, тус хугацаанд үндэсний шигшээ багийн зөвлөх дасгалжуулагчаар ажиллахаар болсныг Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ. Өчигдөр МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар, дэд ерөнхийлөгч С.Балжинням тэргүүтэй албаныхан Казүхито Сакаэ хүлээн авч уулзан, энэхүү гэрээг үзэглэсэн байна. 


Тэрбээр “Гадаадад ажиллах боломж гарсанд баяртай байна. Хамаг хүчээ дайчлан ажиллах болно. Ажилдаа наймдугаар сараас орно. Цаашдаа сардаа 14 хоног Монголд байрлаж, дасгалжуулагч, тамирчдад сургалт явуулна. Мөн тэднийг Шигаккан их сургуульдаа урьж, хамтарсан бэлтгэлд хамруулах юм. Ирэх жилээс олон улсын тэмцээнд Монголын багтай хамт явах болно. Тамирчнаа барилдахад дэвжээнд авч гарах хүсэлтэй байна. Монголчууд Парисын олимпод эрэгтэй, эмэгтэй баг нь медаль авч чадаагүй тул Лос-Анжелест заавал медаль авна гэж зорьж байгааг нь мэдэрлээ” гэж ярьжээ.


Түүний хувьд тамирчин байхдаа ДАШТ-ээс хүрэл, Азийн наадмаас мөнгө, ААШТ-ээс хошой алтан медаль хүртэж байсан бөгөөд манай нэрт бөх А.Энхээтэй нэг жинд өрсөлдөж байсан юм.

Холбоотой мэдээ