БНХАУ АНУ-д хандан эсэргүүцлээ илэрхийлжээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-25 10:05:35

БЭЭЖИН. /Синьхуа/. Хоёр улсын хийгээд арми хоорондын харилцаанд цаашид хохирол учруулахаас зайлсхийхийн тулд Тайваньд зэвсэг нийлүүлэхээ даруй зогсоож, цэрэг армийн хэлхээ холбоогоо таслахыг манай улс АНУ-д уриалсан хэмээн БНХАУ-ын Батлан хамгаалах яамны албан ёсны төлөөлөгч У Цянь мэдэгджээ. АНУ Тайваньд 180 сая ам.долларын зэвсэг нийлүүлэх төлөвлөгөөг Төрийн Департамент сайшааж буйтай холбогдуулан тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна. 


“АНУ-ын үйлдэл нь нэг Хятад зарчим хийгээд БНХАУ, АНУ хоорондын албан ёсны хамтарсан 3 мэдэгдлийг ноцтой зөрчиж буй бөгөөд энэ нь Хятадын дотоод хэрэгт хөндлөнгөөс бүдүүлгээр оролцож буй хэрэг юм. Үүнтэй холбогдуулан БНХАУ тун сэтгэл хангалуун бус байгаагаа болон эрс эсэргүүцлээ илэрхийлж байна” хэмээн тэрбээр хэлжээ. 


Түүнчлэн энэ нь Тайванийн Ардчилсан дэвшилтэт намын удирдлага, Тайванийн тусгаар тогтнолын төлөөх салан тусгаарлагчдыг дэмжигчдэд маш буруу дохиог өгч, Хятадын бүрэн эрхт байдал, аюулгүй байдлыг ноцтой алдагдуулж, Тайванийн хоолойн энх тайван, тогтвортой байдалд аюул учруулна гэдгийг У Цянь цохон тэмдэглэжээ.


“Үндэсний сэргэн мандалт, эв нэгдэл нь ард түмний хүсэл эрмэлзэл, цаг үеийн эргэлт буцалтгүй чиг хандлагыг тусгадаг бөгөөд хэн ч, ямар ч хүчин үүнд саад учруулж чадахгүй. БНХАУ-ын Ардын чөлөөлөх арми үндэсний бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг тууштай хамгаалж, Тайванийн хоолой дахь энх тайван, тогтвортой байдлыг тууштай хангахын тулд шаардлагатай бүхий л арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх болно” гэж тэрбээр мөн мэдэгдсэн байна. 

Холбоотой мэдээ