2019 оны шилдэг татвар төлөгчөөр 22 аж ахуйн нэгжийг тодруулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-05-12 15:10:44

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Татварын хэлтсээс татвар төлөгчдийн өдрүүдээр 230 гаруй иргэнд цахимаар мэдээлэл өгч, татвар төлөгч аж ахуйн нэгжүүдэд утсаар болон онлайнаар үйлчилгээг нээлттэй үзүүлжээ. 

Мөн татвар төлөгчдийн өдрүүдээр татварын хуулийн шинэчлэл, шинэчлэлтэй холбогдож гарсан журам танилцуулах, сурталчлах, шилдэг татвар төлөгчдөө шалгаруулах, урамшуулах, үйл ажиллагааг явуулсан аж.

“Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг тохиолдуулан төсвийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж эх орныхоо эдийн засагт хувь нэмрээ оруулж буй Завхан аймгийн шилдэг татвар төлөгчид, аж ахуйн нэгжүүдийг тодруулж урамшууллаа. Тухайлбал 2019 онд хамгийн олон и-баримт хэвлэсэн, хамгийн их татвар төлсөн, хамгийн ашигтай ажилласан, ажлын байраа хадгалж үйл ажиллагаа нь тасралтгүй явж байгаа аж ахуйн нэгжүүдийг тодруулж урамшуулсан юм.

Энэ жилийн шилдэг татвар төлөгчөөр Завхан аймгийн "Завхан-Баялаг" ХК, "Төгс тулга" ХХК, "Мөнхтогтох Оргиу" ХХК, "Эрхэм-оргил" ХХК, Одчим наран эмнэлэг, Тосонцэнгэл сумын "Мөнх өвөгдий" ХХК, "Тосон-Очирт хайрхан" ХХК, Нөмрөг сумын "Хөдрөг харз" ХХК, Их-Уул сумын "Тэгш баян өгөөмөр" ХХК, "Оюунлаг орд" ХХК гэсэн нийт 22 аж ахуйн нэгж шалгарсан байна.

Нийт татвар төлөгч нартаа эх орныхоо дээшлэн дэвших сан хөмрөгийг арвижуулах үндсэн хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласанд талархал илэрхийлж байна. Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлдэг юм. Тиймээс татвараа хуулийн дагуу идэвхтэй төлөхийг уриалж байна. Энэ жил татвар төлөгчдийн өдрүүдийг Монгол Улс даяар 21 дэх удаагаа зохион байгуулж “Эрсдэлийн эсрэг хамтдаа” уриан дор цахим орчинд тэмдэглэж өнгөрүүллээ хэмээн аймгийн Татварын хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ