А.Меркель, Б.Жонсон нар Дэлхийн II дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2020-05-09 14:58:08

БЕРЛИН. /TASS/. Германы канцлер Ангела Меркель, Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон нар өнгөрсөн баасан гарагт утсаар ярих үеэрээ Дэлхийн хоёрдугаар дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэжээ. Энэ тухай ХБНГУ-ын Засгийн газрын албан ёсны төлөөлөгч Штеффен Зайберт мэдэгдсэн байна. 


“Хоёр улсын удирдагчид дайн хийгээд түүний хор уршгийг санаж явах нь чухал ач холбогдолтой гэдэг дээр нэгдмэл санаа бодолтой байгаагаа илэрхийлсэн. Түүнчлэн талууд Их Британи, Германы эвлэрэл хийгээд хоёр улсын ойр дотно нөхөрлөлийн харилцааг өндрөөр үнэлсэн” гэж тэрбээр мэдэгджээ.


Германы канцлер Ангела Меркель өмнө нь ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Францын Ерөнхийлөгч Эмманюэль Макрон, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нартай утсаар ярьсан байна.


Тавдугаар сарын 8-нд Германд Чөлөөлөлтийн өдрийг тэмдэглэдэг бол Европт Дэлхийн хоёрдугаар дайн өндөрлөсөн өдрийг тэмдэглэдэг байна. 1945 оны 5 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнийн Берлиний цагаар 22:43 цагт Гитлерийн Герман үг дуугүйгээр бүрэн бууж өгсөн гэрээнд гарын үсэг зуржээ. Европт улс орны удирдагчид бууж өгөх тухай гэрээнд гарын үсэг зурсан өдрийг 5 дугаар сарын 8 хэмээн албан ёсоор зарласан бол ЗХУ-д 5 дугаар сарын 9-ний өдрийг Ялалтын өдөр болгон тэмдэглэх болжээ.

 

Холбоотой мэдээ