Фронт Цэгмид: Зөвхөн бэлэг хүргээд буцалгүй, дайнд гар бие оръё гэсэн

Монголын мэдээ | Ярилцлага
khandmaa@montsame.gov.mn
2020-05-08 12:11:04

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Оросын ард түмэнд агуу эх орны дайны асар хүнд жилүүдийг үүрч ялалтад хүрэхэд элгэн халуун сэтгэлээр харамгүй тусалж байсан сайхан түүх монголчуудад буй.

Монголд дайны онц байдал зарлаж,  “Бүхнийг фронтод” уриатайгаар айл бүхэн улаан армийн дайчдад бэлэг зэхэж байв. Тэр үеийн Сталины холбоотнуудын үзүүлсэн тусламжийг тухайн орны хүн амд нь хуваавал, хамаагүй цөөхүүл Монголын дэргэд ичмээр тоо гардгийг Оросын судлаачид ч мэр сэр тэмдэглэсэн нь буй. Хамгийн гол нь, Монголын ард түмний тусламж Оросын ард түмэнд сэтгэлийн болоод үзэл санааны их дэмжлэг, урам зоригийн халуун илчтэй хамт хүрч байснаараа онцгой байжээ. Энэ түүхийн амьд гэрч, 19-хэн настайдаа Монголын ард түмний бэлгийг түгээлцсэн, олноо “Фронт” хэмээн хүндлэгддэг С.Цэгмид гуай билээ. Өдгөө тэрээр 90 хол давсан ч хөнгөн шингэн, ухаан сийрэг агаад сэргэлэн цогтой инээсээр  2015 онд хуучилсныг толилуулж байна.



    Үстэй малгай дороос яралзтал инээж, “залуухан орос цэрэгтэй мэндчилж буй түүний гэрэл зураг манай МОНЦАМЭ агентлагийн хананд өлгөөтэй байдаг юм. Тэрбээр уг зургийг гараараа илж үзэнгээ царай нь баясгалантай сайхнаар очтон гэрэлтэж байв. Тэгээд манай өрөөнд залрахдаа,


    -Би ингэхэд ямар газар ороод ирэв ээ? гэж асуув.
    -МОНЦАМЭ гэж өндөр цагаан залуу байдаг юм гэсэн яриа байдаг шүү дээ. Тэр МОНЦАМЭ гэдэг байгууллага байна хэмээвэл,
    -Аан мэднэ мэднэ, манай Дундговь аймгийн Г.Баатарчулуун ажиллаж байсан. Бид хоёр нэг хонхорт тоглож өссөн улс шүү дээ. Гэхдээ надаас олон дүү юм. Г.Баатарчулуун чинь дун цагаан үстэй хүн байгаа даа. Намайг ингээд явж байна гээд мэнд хүргээрэй.  


    -За тэгнэ ээ. Очиж сурвалжилбал, сонин сайхан түүх ярина даа гээд бид ярьж байтал та хүрээд иржээ. Хүүхэд ахуй үед тань Монголд  монгол бичиг маань л байлаа шүү дээ. Монгол бичгийг яаж сурсан талаар тань эхлээд сонирхмоор байна?
    -Хөдөө малаа маллаж байсан. Дэлгэрхангайн сургуульд хэдэн хүүхэнтэй цуг сар суугаад л монгол номд тайлагдсан. Хулд сумын Лувсанжамьян гэдэг хүн миний багш байсан. Их сайхан заадаг хүн байсан. Саяхан таалал төгссөн гэнэ билээ. Кирил номыг бол Сайхан-Овоо суманд ирж үзсэн. Мөн л малаа маллангаа 35 үсгээ цээжлээд уншиж сурсан. Жамсранжав гэдэг малын эмч хүн  шалгаад дөрвөн жилийн суралгатайд тооцсон юм. Тэр үед би хуваах тоонд жаахан тааруу, үржих нэмэх хасахыг сайн сурсан. Кирилээр уншихдаа сайн, бичихдээ муухан. Монгол бичгийнхээ дүрмээр биччихгээд болдоггүй юм.


    -Тэр үед кирил бичгийг хүмүүс ямар янзтай сурч байв?
    -Монгол номоо үзэж байсан зарим нь шинэ үсэг сурахгүй гээд зугтаж байсан. Шинэ үсэг сурахгүй гээд сургуулиас гарсан хүн зөндөөн байсан шүү.
    -Хүүхдүүд тань таныг монгол бичгээр захиа бичдэг гэлээ. Одоо хэр нь монгол бичгээр бичээд л байгаа байх нь ээ?
    -Зарим үгийг монгол бичгээр бичихэд санаанд орохоо байсан байна шүү. Тэгсэндээ манай нутгийн байгаль хамгаалагч Мөнхбаяр гэж байна шүү дээ. Тэрнийхээ төлөө, суллаж өгөөч хэмээн Ерөнхийлөгчид монголоороо бичсэн. Бичсэнийг минь ойлгосон байна билээ.


    -Хэдэн жил мал маллаж байна, хэдэн толгойд хүргэж байв даа?
    -Би хувьсгалаас хоёр жилийн дараа 1923 онд төрсөн хүн. Таван наснаас малын толгой мэдэхтэй болонгуут манайхан мал өгөөд түүнээс хойш мал дагалаа. 1956 онд би ээжийнхээ нэг тэмээ, таван ямааг 500 гаруй болгож өсгөсөн. Дараа нь бүх малаа нэгдэлд тушааж, нэгдлийн мал малласан. Тэр үед малчид таван жилийн төлөвлөгөөтэй малаа өсгөдөг байв. Би нэгдүгээр таван жилд малынхаа толгойг 300 хүргэж байлаа. Тэр үеэс хойш нэгдлийн малыг 20 гаруй жил маллаж 1044 ботго төллүүлсэн. Ингэ ботголно гэдэг хамгийн хүнд, гурван сар дээлээ тайлах завгүй зүтгэдэгсэн.


    -Одоо хэдэн мал маллаж байна?
    -Нэгдэл тарсны дараа хувьцаа гээд цөөхөн мал авсан. Мөнхөө гэдэг миний охин бид хоёрт 80-аад мал  өгсөн. Тэр хүүхэндээ нэг хэсгийг нь өгсөн. Өөрт үлдсэн 40-өөд мал өсөөд л байсныг манай бага хүү үхэр жил аваад явсан чинь зудад барагдсан гээд төлөг, шүдлэн хоёр л авчирч өгсөн.
    Тэгээд “Хэдийд үхнэ гэж ингэж суух вэ, ээждээ мал өг өө, Сайнаагийнх нэг мал өглөө” гээд охиндоо бичсэн. Анх тав зургаахан юм байсан. Зээ охин нэг ямаа өгсөн. Тэр нь жил бүр л ихэрлэдэг. Бага хүү зудаас үлдсэн гээд авчирсан миний малаас нэг ямаа нь бас л жил бүхэн ихэрлэдэг. Одоо энэ жил хувьдаа 30 гаруй мал тоолуулна. 


    -Таны энгэр дээр байгаа одон тэмдгүүд дотор дан монгол бичиг бүхий хуучны тэмдэг олон байна?
    -Энэ чинь Хөдөлмөрийн хүндэт тэмдэг гэж бичсэн байгаа. Сайн малчдын хоёрдугаар хуралд сууж авсан юм. “Улаан гвардия” медалийг Филатов гэдэг хүн 1973 онд манай аймагт очиж гардуулсан.


    -Хамгийн сайн малчин гэсэн тэмдэг бас байна?
    -Тийм, үнэмлэх дээрээ аварга малчин гэж байдаг юм билээ. Би Монголын анхны сайн малчин. 18-хан настай одон зүүсэн. Анхны сайн малчид 300 хүн хуралдахад хамгийн бага нь би байсан. Сайн малчны 2-р хуралд очиход бас л хамгийн бага нь байв. Харин гуравдугаар хуралд очиход дандаа ахмадууд байсан. Тэгэхэд энэ дагаж яваа хүүгийн дараагийн хүүхэд гэдсэнд байсан юм. Гангийн даваанд тэрэг суугаад найман сартай хүүхдээ хөдөө булчихсан юм даа. Ингэж хөдөө ч төрж явлаа.
    Сайн дурын морьт отряд гэж жанжин Ч.Мижид гэдэг хүн чинь байгуулсан байхгүй юу. Түүнд бас байлдааны сургалт хийж явлаа. Япон винтов үүрээд, сэлэм зүүгээд, цайвар халтар морьтой 80-аад эмэгтэй командлаж байсан. 25 жилийн ойн  кино гэж байх ёстой, түүн дээр гардаг юм. Та ямар япон алсан биш гээд Батлан хамгаалахын түрүүгийн сайдууд үнэмлэх өгдөггүй байсан. Энэ жил өгнө гэсэн. 


    -Танд Фронт гэдэг алдрыг хэн анх хайрласан юм бол?
    -Манай Дундговийн Х.Зандраабайдий гэдэг зохиолч жаахан хөөрхөн дугуй малгайтай зургийг минь тавиад “Фронт Цэгмид” гээд бичсэн байсан. Тэгээд л хаа ч явсан фронт Цэгмид л гэдэг болсон доо.


    -Оносон нэр шүү. Та бол их дайны фронтод очсон түүхт эмэгтэй шүү дээ?
    -Тэгэлгүй яахав. Олны маань өгсөн сайхан алдар шүү. Түүхэн том үйл явдалд биеэрээ оролцсон маань үнэхээр их хувь заяа гэж сүсэглэж явдаг даа. Их буугаар ч буудаж үзсэн.


    -Тэр ямар учиртай юм, бэлэг хүргэсэн улс яагаад их буу сумлах болчихсон юм бол?
    -Ч.Сүрэнжав дарга, зөвхөн бэлэг хүргээд буцахгүй, дайнд гар бие оръё гэсэн санал гаргасан. Тэгээд бэлгээ тараачихаад Москва руу буцахын урьд өдөр их бууны ангид очсон. Ч.Сүрэнжав гуай, Монголын ард түмнээ төлөөлж би дугтарна гээд Одсүрэн гуайг цэргийн төлөөлөгчийн хувиар бууд, харин намайг ХЗЭ, эмэгтэйчүүдээ төлөөлж их буу дугтар гэж хэлсэн юм.

 
    -Тэгээд яаж дугтрав?
    -Намайг эхлээд сумалж байгаа их бууны бөгсөн дээр суулгаж байгаа юм. Их бууны сумыг цааш нь түлхэхээр болгож өгөөд, сумыг хоолой руу нь түлхэж оруулчихаад, раз, два, три гэхээр нь дугтраарай гэсэн. Дугтраад л орхисон. Их бууны сум яваад л өглөө. Бид оройн долоон цагт  буудсан. Маргааш өглөө газар доорх нуувчныхаа үүдэнд гар нүүрээ угаагаад зогсож байтал, сонин барьсан хүн хүрч ирсэн. “Монголын гурван төлөөлөгчийн буудлагын дүнд 32 герман, дөрвөн их буу сөнөөжээ” гээд сонинд хэвлэгдсэн байсан. Гэмтэйг нь алсан юм уу, гэмгүйг нь алсан юм уу, бүү мэд. Их буу дугтарсан гэж их л үнэлдэг бололтой, надад Оросоос их юм өгнө өө, хөөрхий.


    -Тухайн үед Дундговиос таныг яаж сонгож байв?
    -Х.Чойбалсан гэдэг хүн аймгийн тэргүүнчүүдийг цохож тодорхойлсноор явуулсан юм. Сүхбаатар, Төв, Завхан аймгаас төлөөлөгч яваагүй. Арван таван аймгаас дандаа тэргүүний алдартнууд бэлэг хүргэх бүрэлдэхүүнд багтсан. Цэргийн төлөөлөгч нартай нийлээд 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй явсан. Би хамгийн бага нь байлаа. Тэргүүний намын хорооны дарга хэмээн Дорноговь аймгаас Чоймбол, тэргүүний сумын дарга гээд Өмнөговийн Аргалант сумаас Баатар гэдэг хүн, Өвөрхангай аймгаас бэлгийн хувцас үйлдвэрлэдэг Жадамбаа гэдэг хүн явсан. Намайг Дэлгэрхангайн дөрөвдүгээр багаас олон тэмээ сургадаг, 5-6 наснаасаа мал малласан, малд хайртай, хонио өглөө дагаад гарвал орой ирдэг, ирээдүйтэй хүүхэд байгаа юм гээд тэргүүний малчны хувиар сонгосон. Би бас ямаа самнах шинэ туршлага гаргасан байсан. Тэгээд сайн малчны анхдугаар хуралд сонгогдсон байсан.Тэр үед малчнаа их үнэлдэг байлаа шүү дээ.


     -Төлөөлөгчдийн баг Монголоос хэд хоног явж Орост хүрсэн бэ?
    -1942 оны 11 сарын 26-нд гарч галт тэргээр ес хоног явж очсон. Бэлэг сэлтээ хуваагаад фронт руу салж хуваарилагдсан. Х.Чойбалсан тэргүүтэй төлөөлөгчид Сталинградын фронтод, Ч.Сүрэнжав тэргүүтэй бидний нөхөд Свердловскийн фронтод очсон. Их бууны суман дунд 7 хоног явж бэлгээ тараасан.


    -Медаль гардуулна гээд ОХУ-ын элчингээс дууджээ дээ. Зардал мөнгийг ч даагаад, ёс хүндтэй залсан болов уу?
    -Хувийн  унаагаараа ирсэн. 200 000 төгрөгийг тэтгэвэр авч байна. Бүх хүүхэддээ л бутраах болохоос, би чинь бэлтэй хүн байхгүй юу. Оросоос 85 насыг минь тэмдэглэж, сая төгрөг өгч байсан. Цугааранд нь хуваасан. Тэгээд би хүүхдүүддээ, та нарт төрөөс өгсөн юм бүгдээ хуваадаг, олон тэмээгээ ч бутрааж тараасан, хэнийд нь ч очсон хоолны мөнгө надаас нэхэхгүй юм байгаа биз дээ гэдэг юм /инээв/.


    -Энэ  удаа олуулаа ирэв үү?
    -Энэ дагуулж ирсэн хүү маань миний 25 дээр гарсан хүү. Энэ бэр бол намайг 37-той байхад гарсан юм.  Үүний эх миний ээжтэй найз, сайхан хүүхэн байсан юм. Ээж маань Цэвэлсүрэн төрж гэнэ, нэг чулуун арслан боогоод миний охин явж эргэ хэмээн явуулсан. Одоо манай бэр болчихоод явж байна. Холын зөгнөлтэй байж дээ.


    -Бараг 90 жил мал дагасан хүн байна шүү дээ. Хамгийн том нь ямар шагнал хүртэж байв, та?
    -Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон. Би захиргаадлын үеэр 2-3 удаа аварга болохуйц хэмжээний тэмээ ботголуулсан. Үнэлдэггүй юм байна билээ. Би Дэлгэрхангайдаа байсан бол хэчнээн амжилт гаргах байсан бол. Би Сайхан-Овоо суманд шилжсэн юм. Дэлгэрхангай маань намайг буцааж авах гээд л байдаг байсан. Олон жил мал бойжуулсан надад гавьяат малчин өгөхөөр л байгаа юм даа. 


    -Нутаг орноос тань тодорхойлохгүй байна уу?
    -Манай аймгийн Чандмань дарга жилдээ идэж барахгүй юм хоёр жипээр аваачиж өгсөн. Г.Батсүх гэдэг дүү маань газарчилж хамт ирсэн. “Морьтой ч болоосой”-д тоглосон Г.Батсүх чинь миний дүү шүү дээ. Тэгэхэд Чандмана дарга тодорхойлолт өг л гэж байсан. Би ч  бичиж өгдөггүй.


    -Таныг харин дуудсан гэхээр том шагнал өгөх юм байна гэж бодсон юм?
    -Алга байна аа. Намайг 100 хүрэхээр өгөх гээд байгаа юм байлгүй.


    -Ерөөлөөр болог, ямар сайхан хариулт вэ. Одоо ч гэсэн тэмээгээ унаад л гялалзаж байна гэж таныг бичсэн байсан?
    -Одоо, хүүхдүүд уначихна гээд мордуулахгүй юм. Би бол, номхон тэмээнд мордоод л хонины цаагуур ормоор байх юм. Би насаараа морь унасан. Бэлэг хүргэхэд морин өртөөгөөр явж байсан. Тэр үед унаа олддоггүй их хэцүү байсан.


    -Чухал ой болж байна шүү дээ. Таныг ингэхэд ерөнхийлөгч хүлээж авахгүй байна уу?
    -Үгүй л байна. Харин энэ Ц.Элбэгдорж ерөнхийлөгч дээр л орж, малын талаар яримаар байгаа юм. Би Н.Баганбандитай уулзаж байлаа. Ю.Цэдэнбал дээр орж байсан. Н.Энхбаярыг ерөнхиийлөгч байхад орох гэсэн оруулаагүй.


    -Ялалтын 70 жилийн ойн баяраар таныг хотод ир, энэ тэр гэх юм уу?
    -Сурвалжлагч нар нь ирэлгүй л яах вэ гээд л байгаа юм. ОХУ нь яах юм мэдэхгүй. Москвагийн Улаан талбайд жагсах юм байна шүү дээ. Энд сар гаруй юу хийж байх вэ, харьчихаад нэг эргэдэг юм уу гэж бодож байгаа.


    -Та хувиасаа нэг орос цэргийг хувцасласан гэсэн, юу юу өгч байв?
    -Шинель дээл, хөдсөн дээл гээд гурван ээлжийн дээл, гарын бээлий, эсгий гутал, гар нүүрийн саван өгч байсан юм.


    -Бүгдийг та өөрөө бэлтгэж очсон уу?
    -Улсаас хийсэн хувцсыг тэгж аваачиж өгсөн. Ерөөс тэр үед тэгж байсан шүү дээ. Дандаа манай монголчуудын хийсэн хувцас байсан юм.


    -Та нар Сталинтай уулзсан гэдэг байх аа?
    -Бид бэлгээ тарааж дуусаад Москвад ирсэн. Төлөөлөгчдөд Монгол Улсаас гарахад үндэсний хувцас болон хоромон гутал гэх мэт сольж өмсөх гурван төрлийн хувцас бэлдэж өгсөн байсан. Би энэ хоромон гутлыг хэзээ өмсөх юм бол гэж бодоод явлаа. Гэтэл И.В.Сталинтай уулзахдаа өмсөх ёстой байсан юм билээ. 1943 оны хоёрдугаар сарын хоёронд алтан Кремльд манай төлөөлөгчдийг хүлээн авсан. Кремльд орохоос өмнө бид усанд орж, үс, хувцсаа сольж, өнөө шинэ хоромон гутлаа өмсөөд л бөөн юм болсон. Өнөө Сталинтайгаа ч уулзлаа. Дунд зэргийн нуруутай сүрхий сахалтай хүн. Хүн нэг бүртэй гар бариад л. Цайллага дээр И.В.Сталины хэлсэн үг өнөөг хүртэл миний сэтгэлд байдаг.
    Тэрбээр, “Би олон юм ярих дургүй. Гэхдээ Монголын ард түмэн миний зүрх сэтгэлийг хэрхэн татаж байгааг хэлэхгүй өнгөрч чадахгүй нь. Ядарч явахад нөхрийн чанар танигдана гэдэг. Энэ хүнд хэцүү үед та бүхэн тэр холоос бидэнд туслахаар иржээ. Би та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлэхээр хүлээн авч уулзаж байна. Япончууд Монгол руу дайрахад Орос улс тусалсан. Түүний хариуд Монголын ард түмэн бүх хөрөнгөө бидэнд харамгүй зориулж байна. Манай хоёр улсын найрамдалт харилцаа энэхүү дайнд ялахад туйлын чухал шүү” гэсэн. Тухайн үед Монголын ард түмэн эрвийх дэрвийхээрээ аймаг, сум, баг, хувь хүмүүс фронтод юу байгаагаа хандивлаж байлаа. Монгол Улсад дэлхийн II дайнд оролцоогүй хүн огт байхгүй гэж эмээ нь боддог юм.


    -Та хэдэн хүүхэдтэй вэ. Хүүхдүүд нь хаана юу хийж байгаа вэ?
    -Би зургаан хүүхэдтэй. Дөрвөн охин минь бурханы оронд одсон. Хоёр хүү минь малчин. Миний ач, зээ одоо 150 гаруй болжээ. Үрээн танихгүй өнөр болж байна даа.   

Холбоотой мэдээ