Оршин суугчид өмчдөө хайхрамжгүй хандаж байгааг шүүмжиллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-05 01:01:53

Монголын Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөлийн ажлын албаныхан Дархан-Уул аймагт ажиллав. Энэ үеэр тэд Дархан хотын оршин суугчид хөрөнгөө хамгаалахад анхаарал хандуулахгүй байна гэж үзжээ.

Учир нь “Тус аймгийн хэмжээнд 10 мянган оршин суугчийн 130 гаруй орон сууцны байшин хариуцсан 30 СӨХ ажилладаг юм байна. Гэтэл одоогийн байдлаар нийт оршин суугчдын ердөө 15-хан хувь нь СӨХ-ийн мөнгөө цаг тухайд нь төлдөг бол үлдсэн нь тухайн төлбөрөө төлдөггүйгээс шалтгаалж оршин суугчдын өмч хөрөнгө хамгаалах, засварлах санхүүжилтгүй болжээ. Төлбөрийг тооцвол 1,5 тэрбум төгрөгийг иргэд СӨХ-д барагдуулах хэрэгтэй байна” гэж Монголын СӨХ-ын Дээд зөвлөлийнхөн мэдээллээ. Энэ их мөнгө гэнэт бий болоогүй нь тодорхой. Иргэд амьдарч буй орон сууцныхаа м.кв тутамд 70 төгрөгийг сар бүр СӨХ-д төлөх ёстой бөгөөд өрөөний хэмжээнээс хамаарч сар бүр 1820-4060 төгрөг болдог. Үл хөдлөх хөрөнгө бол иргэдийн хамгийн үнэтэй өмч. Иймд иргэд өөрсдийн хөрөнгийн ашиглалт, хамгаалалтад анхаарал хандуулах хэрэгтэй байгааг мөн үеэр СӨХ-ын дарга нар хэлж байлаа.

Цаашид энэ байдлыг үргэлжлүүлэхгүйн тулд хамгийн зөв алхмыг тодорхойлохдоо СӨХ болон орон сууцны төлбөр хураамжийг нэгтгэж авах хэрэгтэй гэж тэд үзлээ. Монголын СӨХ-ны Дээд зөвлөлийн ажлын албаныхан орон нутагт ажиллаж орон нутгийн удирдлагатай санал солилцсоноор СӨХ-үүдийн төлбөрийг орон сууцны хураамжтай хамт авах хэрэгтэй гэдэгт санал нэгдлээ.

                                                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ