Шилдэг үсчин, гоо сайханчдын тэмцээн эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
norovsambuu@montsame.mn
2016-05-05 00:37:27

Дархан-Уул аймгийн “Ахуйн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх аймгийн дэд хөтөлбөр”-ийн төлөвлөгөөний дагуу тус салбарын 85 жилийн ойг угтсан аймгийн аварга шалгаруулах үсчин гоо сайханчдын тэмцээн  болов.

Тэмцээнийг аймгийн ЗДТГ, Хөдөлмөрийн хэлтэс, үсчин гоо сайханчдын “Амина” холбоо хамтран зохион байгууллаа. Тэмцээний нээлтэд аймгийн Засаг даргын орлогч Р.Эрдэнэбаяр, Хөгжлийн Бодлогын хэлтсийн Жижиг, дунд үйлдвэрийн асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвасүрэн, Б.Минжитцэцэг болон мастер үсчин гоо сайханчид, тэмцээний өрсөлдөгчид оролцлоо. Аймгийн аваргын төлөө 25 үсчин, гоо сайханчид ур чадвараа сорьсон юм. Шагналт байр эзэлсэн оролцогчид энэ сард Сэлэнгэ аймагт болох бүсийн тэмцээнд аймгаа төлөөлөн оролцох тухай зохион байгуулагчид нь мэдээлэв. Энэ удаа өмнөх жилүүдийн тэмцээнүүдэд оролцож байгаагүй шинэ залуу үсчин, гоо сайханчдыг дэмжсэнээрээ онцлогтой байлаа. Дархан-Уул аймгийн хэмжээнд 50 гаруй үсчин, гоо сайхны салон ажилладаг. Эдгээр байгууллагуудын дунд хоёр жил тутамд энэхүү тэмцээнийг зохион байгуулж улмаар Азийн болон дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох болзол хангасан оролцогчид цөөнгүй амжилтуудыг гаргаж байжээ. Харин энэ оны гуравдугаар сард БНСУ-д болсон “HAIRWORLD-2016" тэмцээнд тус аймгаас болзол хангасан хэдий ч хөрөнгө мөнгөний бололцоо муутай тул оролцож чадаагүй байна. Тус тэмцээнд оролцсон манай улсын үсчин, гоо сайханчдын эрэгтэй үсчдийн баг болон Гоо сайхны баг тус тус хүрэл медалийн эзэд болсон байдаг. Иймд Дархан-Уул аймгийн үсчин, гоо сайханчдыг тэмцээнд оролцох хөрөнгө мөнгөний асуудалд дэмжлэг үзүүлбэл олон амжилтуудыг гаргах боломж байгааг тэмцээний шүүгчид ярьж байлаа.

                                                                                                                       Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ