Завханы 250 малчин өрхөд тусламж өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-30 12:39:59

Завхан /МОНЦАМЭ/. Монголын Улаан загалмай нийгэмлэгийн салбар Завхан аймгийн Улаан загалмайн хорооноос өвөлжилт, хаваржилт хүндэрсэн 12 сумын малчдад тусламж өгчээ.

Тусламжийг Олон улсын Улаан загалмай, Улаан Хавирган сар нийгэмлэгүүдийн холбоо, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн гамшгийн хариу арга хэмжээ авах сангаас Монгол Улсын хэмжээнд 15 аймгийн 1750 өрхөд тусламж өгчээ. Харин Завхан аймгийн хувьд 12 сумын 250 малчин өрхөд нийт 100 гаруй сая төгрөгийн тусламж үзүүлснийг малчдад аймгийн ИТХ-ын дарга, Улаан загалмай хорооны тэргүүн Ц.Балхярваа, аймгийн Улаан загалмай хорооны дарга Б.Энхбаатар нар биечлэн хүргэж, малчдад МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн даргын “БАТЛАМЖ”-ийг гардуулан өглөө.

Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 240 мянган төгрөгийг малчин өрх бүрт дансаар нь олголоо. Мөн малын эрдэс тэжээлийн багц, нэг өрхөд нийт 420 мянган төгрөгийн тусламжийг үзүүлжээ.

Малын эрдэс тэжээлийн багцад ашигт долооц, туурайн тос, амин тун, нүдний тосон түрхлэг, загасны тос зэрэг өвөл, хаврын цагт муудсан малд өгөхөд тохиромжтой бүтээгдэхүүнүүд багтсан байгаа. Энэхүү тусламжийг олгохдоо гамшигт нэрвэгдсэн эсвэл нэрвэгдэх өндөр эрсдэл бүхий байршилд байгаа 400 толгой бүхий малтай өрхүүдийг сонгож өгсөн. Тодруулбал дээрх шаардлагад 16 хүртэлх насны гурваас дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг эсвэл эх. 60–аас дээш насны харж хандах хүнгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүл болсон малчин өрх. 16-аас доош насны таваас дээш хүүхэдтэй гэр бүлүүдийг харгалзан үзэж тусламжийг олгон байгаа хэмээн аймгийн Улаан Загалмайн хорооноос мэдээлэв. 


Холбоотой мэдээ