Ойн сан бүхий газруудад хяналтын цэг ажиллуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-04-28 17:49:08

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Онцгой комисс хуралдаж “Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зөвлөл” байгуулж, аймгийн Засаг даргын албан даалгавар гаргажээ.

Ийнхүү Онцгой комисс хуралдаж хэд хэдэн газар гарсан түймэртэй холбоотой цаг үеийн мэдээллийг өгч малчид, иргэдийг үйлдэл бүрээ хянаж хариуцлагатай байхыг үүрэг болголоо.

Тухайлбал 2020 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр Их-Уул сумын Хонгор багийн "Ихэр" хэмээх газар ой хээрийн түймэр гарчээ. Өнөөдрийн байдлаар тус түймрийг унтраахаар 130 гаруй хүн ажиллаж байна. Аймгийн Онцгой байдлын газраас найман тоннын даацтай хоёр усны машин, Их-Уул сумаас ЗИЛ-131 маркийн таван машин гаргаж түймэр унтраахаар ажиллажээ. Харин аймгийн Засаг даргын нөөц сангаас нэг тонн шатахууны асуудлыг шийдвэрлэсэн байна. Ийнхүү Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтэс, Их-Уул сумын иргэд түймрийг унтраахаар гурав хоног ажиллаж байна.


Дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 08:54 цагт цурманд оруулж, тархалтыг зогсоогоод байна. Дөрөвдүгээр сарын 28-ны өдрийн 05.00 цагт Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид түймрийн голомт руу явсан байна. Гал түймэрт урьдчилсан байдлаар 15 га талбай шатжээ.

Тосонцэнгэл суманд гарсан түймэрт 24.4 га

талбай шатжээ

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн ‘’Урд Шивэртэйн Өвөр-Эрээн” гэдэг газар 2020 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр түймэр гарсан байна.

Түймрийг унтраахаар 102 хүн, Тосонцэнгэл сумаас УРАЛ маркийн таван автомашин ажиллуулж, аймгийн Засаг даргын нөөц сангаас нэг тонн шатахууны дэмжлэг үзүүлжээ. Тосонцэнгэл сумын Баян-Улаан багийн ‘’Урд Шивэртэйн Өвөр-Эрээн” гэдэг газар нь аймгийн төвөөс зүүн хойд зүгт 201 километрт, сумын төвөөс баруун урд зүгт 21 километрт байрладаг. Ой, хээрийн түймэр гарсан тухай дуудлагыг дөрөвдүгээр сарын 26-ны өдрийн 18:25 цагт аймгийн Онцгой байдлын газар хүлээн авчээ. Ингээд аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийн иргэд түймрийг унтраахаар ажиллаж уулын хяр хэсэгт 20 метр газар зурвас татан түймрийн тархалтыг зогсоогоод байна. Дөрөвдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар цурам дотор унанги мод, хөвд их байгаагаас түймрийн уугилт их байгаа. Тиймээс түймрийг бүрэн унтраахаар алба хаагчид болон нутгийн иргэд ажиллаж байна. Гал түймэрт урьдчилсан байдлаар 24.4 га талбай шатсан байна.

 

Ойн сан бүхий сумдад хяналтын цэгийг ажиллуулна

Ойрын өдрүүдэд аймгийн хэд хэдэн газар ой, хээрийн түмйэр гарсантай холбоотой ойн бүс нутгийн иргэдэд ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, анхаарал болгоомжтой байхыг байнга сануулж байна.

Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Алдархаан, Идэр, Тэлмэн, Нөмрөг, Баянхайрхан, Түдэвтэй, Баянтэс, Яруу, Тосонцэнгэл, Их-Уул суманд байгаль орчны улсын байцаагч, байгаль хамгаалагчдын бүрэлдэхүүнтэй “Хяналтын цэг”-ийг ажиллуулахаар аймгийн Онцгой комисс шийдвэрлээд байна.

Мөн ой бүхий бүс нутгийн багийн Засаг дарга нарыг малчин нэг бүртэй уулзаж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж ажиллах чиглэлийг тус тус өглөө.


Түүнчлэн ойн нөөц сан бүхий Тосонцэнгэл, Их-Уул, Баянтэс, Баянхайрхан, Идэр, Тэлмэн суманд 2020 оны тавдугаар сарын 1-ний өдрөөс аравдугаар сарын 31-ний өдөр хүртэл зургаан сарын хугацаанд 50 хүнийг сайн дурын байгаль хамгаалагчаар гэрээгээр ажиллуулахаар тус тус шийдвэрлэлээ.


Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн Алдархаан, Улиастай, Их-Уул, Тосонцэнгэл, Идэр сумын нутагт таван удаагийн түймэр гарснаас гурван түймрийг бүрэн унтраагаад байна. Эдгээр түймрийн тохиолдлууд нь иргэдийн санамсар, болгоомжгүй байдал, тамхи татах, хог шатаах, үнс асгах зэргээс үүдэн гарчээ. Иймд малчид, иргэдийг үйлдэл бүрээ сайтар хянаж, хариуцлагатай байхыг аймгийн Онцгой комиссоос онцгойлон анхааруулж байна хэмээн аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ