Цар тахлын үеийн зохицуулалтыг Гамшгаас хамгаалах хуульд тусгана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2020-04-22 19:42:11
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяраас өргөн мэдүүлсэн Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхйиг дэмжлээ.


Төсөл санаачлагийн илтгэлийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулав. Дэлхий даяар СОVID-19 цар тахал дэгдсэнээс үүсэх эрсдэлийг багасгах арга хэмжээний хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгаж, холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл боловсруулах тухай УИХ-ын захирамжийн дагуу дээрх хуулийн төслийг боловсруулжээ. Уг төслийг Гамшгаас хамгаалах талаар төрөөс баримтлах бодлого, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын батлан хамгаалах бодлогын үндэс, Батлан хамгаалахын багц хуулиуд болон гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр баримталж буй дэлхий нийтийн чиг хандлагатай нийцүүлэн шинэчлэн найруулжээ.


Коронавируст халдварын цар тахлын улмаас үүссэн гамшгийн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, олон улсын хөл хориот өвчин гарсан гамшгийн онцгой нөхцөл байдал нь Монгол Улсын хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд үзүүлэх сөрөг нөлөө, учруулах хохирол нь гамшгийн түвшинд хүрээд байна. Дээр дурдсан нөхцөл байдалд одоогийн хүчин төгөлдөр мөрдөж буй Гамшгаас хамгаалах хууль тогтоомжийн хүрээнд гамшгаас хамгаалах удирдлага, зохион байгуулалт, салбар хоорондын ажлын уялдаа, зохицуулалтыг хангах, холбогдох талуудын хариуцлага, эрх, үүргийг хэрэгжүүлэх, хорио цээр, хязгаарлалтын дэглэм тогтоох, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, иргэний хууль ёсны эрхийг түр хязгаарлах, үнэн зөв мэдээ мэдээллийг нэгдсэн байдлаар хүргэх зэрэг шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд холбогдох хууль тогтоомжийн уялдаа, эрх зүйн зохицуулалтын чадамж бүрэн дүүрэн хангагдаагүйгээс хүндрэл үүсэж байна. Иймд шинэ коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, түүний эсрэг улс орнуудын авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, сургамж, Монгол Улсад тулгарч байгаа сорилт, хүндрэл бэрхшээлийг харгалзан Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэдгийг төсөл санаачлагч гишүүн танилцуулгадаа дурдсан.

Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ  асуулт асууж, хариулт авсны дараа Гамшгаас хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Холбоотой мэдээ