БУЛГАН: Цогт хунтайжийн хөшөөнд цэцэг өргөлөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган, 2025 оны долоодугаар сарын 10 /МОНЦАМЭ/. Тулгар төр байгуулагдсаны 2234 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 819 жил, Үндэсний их баяр наадам-Ардын хувьсгалын 104 жил, Ардчилсан хувьсгалын 36 жил, Булган аймаг байгуулагдсаны 87 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан аймгийн удирдлагууд, хэлтэс агентлагийн дарга нар, холбогдох албаны хүмүүс Цогт хунтайжийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийллээ.
Монгол үндэстний эв нэгдэл тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэгч, цэргийн гарамгай жанжин, соён гэгээрүүлэгч их бичгийн хүн, Чингис хааны үр Очир хааны ач, халхын Цогт хунтайжийн хөшөө дурсгалыг анхдагчийн өлгий Булган нутгийн зон олныхоо хийморь лундааг үеийн үед бадраан, мэлмий баясгаж байг хэмээн Булган хотын төв талбайд 2012 онд босгосон байна.
Уг хөшөө нь морь унасан, монгол цэргийн иж бүрэн хуяг, дуулгыг өмсөж, нум сум агссан жанжны дүр төрхийг харуулсан бөгөөд зүүн гартаа судар барин, баруун гараа өргөн цэргүүдийнхээ анхаарлыг татаж, алсын барааг тольдон буй дүрийг илтгэсэн байна.
Хөшөөний суурины нүүрэн талд “Чингис хааны үр, Очир хааны ач халхын Цогт хунтайж 1581-1637” гэсэн үгийг уйгуржин болон кирилл үсгээр гантиг чулуун дээр сийлэн бичжээ. Цогт хунтайж Туул голын орчимд болон одоогийн Булган аймгийн Дашинчилэн Баяннуур сумын заагаар төвлөрч суудаг байсан бөгөөд улааны шашны сүм дуган бариулж, ном эрдмийг дэлгэрүүлэх үйлсэд хүчин зүтгэсэн соён гэгээрүүлэгч байв.
1601 онд бариулсан Цогтын цагаан байшин, Гэрэлт хөшөө, Хар бухын балгас зэрэг их хүмүүнтэй холбогдох найман түүх соёлын дурсгал 420 гаруй жил буюу өнөө үеийг хүртэл оршоор байна.