Тавдугаар сард хичээл эхлэх эсэхийг энэ сарын 20-ны үеэр шийднэ

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2020-04-03 13:50:27

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ хэмээн БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр мэдээллээ.

Тэрбээр, "Нэгдүгээр сарын 27-ноос хойш дөрөвдүгээр сарын 30-ныг хүртэл 10-11 долоо хоногийн хичээл тасарч байна. Энэ хугацаанд теле болон цахим хичээлийг зохион байгуулж байгаа. Мөн хугацаанд 3,020 цагийн теле хичээлийг бэлтгэн хүргэж байна. Теле хичээлд давуу ба сул тал бий. Өмнө нь эцэг эхчүүд зайнаас, багш сурагчтайгаа хамтран ажилладаг байсан бол одоо эцэг эхчүүд хүүхдүүдтэйгээ хамтарч, багш зайнаас ажиллаж байна. Ингэснээр эцэг эхчүүд багш нарыг ямар нөхцөл ажилладаг талаар ойлголттой болж байгаа болов уу.

Элсэлтийн ерөнхий шалгалтын хугацааг хойшлуулахгүй. Дөрөвдүгээр сарын 30-нд хорио цээрийн дэглэм цуцлагдах эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тавдугаар сард хичээл эхлэх эсэх нь энэ сарын 20-ны үеэр шийдэгдэнэ. Хэрэв сунгагдвал 12 дугаар ангийн сурагчдад зориулсан давтлага хичээл хэрхэн зохион байгуулах талаар судалж байна. Мөн танхимын давтлагыг яаж зохион байгуулах талаар судалж байгаа" гэв.

Энэ онд улсын хэмжээнд ерөнхий боловсролын 590 сургуульд 12 дугаар ангийн 1 146 бүлэгт 28 567 хүүхэд суралцаж байна. Тэдний 41.7 хувь буюу 11 908 хүүхэд нийслэлд суралцаж байгаа юм.


"COVID-19" халдварын улмаас дэлхийн 188 орон бүх шатны сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг хаагаад байна. Үүний улмаас нийт сурагчдын 89.5 хувь нь буюу 1 тэрбум 500 сая гаруй сурагч  хичээл, сургалтдаа цахимаар оролцож байгаа аж. 

Холбоотой мэдээ