"Баян Айраг эксплорэйшн" ХХК-аас 14.8 сая төгрөгийг Завханы Онцгой комисст хандивлав

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-03-27 11:37:26

Завхан /МОНЦАМЭ/.Завхан аймагт уул уурхайн олборлох үйл ажиллагаа явуулж буй "Баян Айраг эксплорэйшн" ХХК-аас аймгийн Онцгой комисст 14.8 сая төгрөгийн хандив тусламжийг гардуулан өглөө.

Тус компанийн ажилчдын сайн дурын хандивын батламжийг тус компанийн Орон нутгийн харилцаа, тусгай зөвшөөрлийн хэлтсийн менежер Ж.Соёмбо, Олон нийтийн харилцаа, Тусгай зөвшөөрөл хариуцсан дэд дарга Н.Ганзориг нар аймгийн Шуурхай штабын дарга бөгөөд аймгийн Засаг даргын орлогч Б.Ариунаад биечлэн гардуулж өглөө. Мөн тус компаниас улсын Онцгой комисст 40 сая төгрөгийн хандив тусламжийг гардуулан өгсөн байна.

Батламжийг гардуулах үеэр менежер Ж.Соёмбо: -Өнөөдрийн байдлаар манай компанид нийт 600 гаруй хүн ажиллаж байна. Үүнээс 268 нь орон нутгаас ажиллаж байгаа. Компанийн ажилчдын санаачилгыг дэмжиж COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг шуурхай зохион байгуулж буй аймгийн Онцгой комиссын ажилд нэмэр болох болов уу хэмээн мөнгөн хандив тусламжийг өгч буйдаа талархаж байна. Манай компанийн хувьд улсын хэмжээнд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн цагаас эхлээд компани дээр ариутгал халдваргүйтлийн арга хэмжээг долоо хоног бүр зохион байгуулж байна. Мөн нийт ажиллагсдыг өглөө, оройд халууныг нь хэмжих, ариутгал халдваргүйтлийг дээд зэргээр сахиулж амны хаалт, гар ариутгах бодисоор хангаж байгаа.


Олон удаа хэрэглэх боломжтой стандартын шаардлага хангасан амны хаалтыг өдөр бүр хоёр ширхэгийг бүх ажилчдадаа өгч байна. Дөрвөлжин сумын Онцгой комисст өдөр бүр хөдөлгөөний мэдээллийг өгч хамтран ажиллаж байна. Шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээг шуурхай зохин байгуулж, тусгай горимоор ажиллаж буй та бүхний ажилд амжилт хүсье. Аймгийн Онцгой комисстой COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр компанийн зүгээс нягт хамтран ажиллах болно. Энэ хүнд үеийг даван гарахын тулд монголчууд хүчээ нэгтгэх хэрэгтэй юм. Вирусийн халдвараас сэргийлэхэд төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэд дор бүрдээ хичээн ажиллаж, мэргэжлийн байгууллагуудын заавар зөвлөгөөг дагахыг уриалж байна” гэлээ.

Ташрамд, Завхан аймгийн Онцгой комисст шинэ коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлээс хамгаалах ажилд зориулж зарим төрийн байгууллагуудын ажилтан алба хаагчид болон аж ахуйн нэгж байгууллагууд, хувийн компаниудаас бэлэн мөнгө, амны хаалт, ариутгалын бодис хандивлах үйл ажиллагаа үргэлжилж байна. Завхан аймгаас албан ёсоор хандив тусламж өгөхийг уриалаагүй бөгөөд иргэд, байгууллагууд сайн дураараа хандив өгсөөр байна.  

Холбоотой мэдээ