Завханы ахмадууд онлайнаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-03-23 13:28:20

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Ахмадын хороон дээр ахмадууд зөвлөгөө мэдээлэл өгч сургалт явуулдаг болжээ.

"Ахмадын сургаал алт" хөтөлбөрийг аймгийн ИТХ-аар батлуулан 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс хэрэгжүүлж эхлээд байгаа аж.

Энэ ажлын хүрээнд аймгийн ахмадын хорооны дэргэд хүүхэд залуучуудад зөвлөн туслах 10 баг ажиллаж байна. Багууд аймгийн ахмадын ордноос сургалт мэдээллээр хангах сургалтын орчин, техник хэрэгслээр тохижуулж өгсөн өрөөнд үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Зөвлөн туслах багууд эрүүл мэнд, спорт, нийгмийн хамгааллын салбар, боловсрол, соёл, урлагийн салбар, дэд бүтцийн салбар, ХАА, газар тариалангийн салбарын чиглэлээр зөвлөгөө өгч байна. Түүнчлэн үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээний салбар, хууль эрх зүйн салбар, санхүү, эдийн засгийн салбар, стресс тайлах, сэтгэл зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр ажиллаж буй аж. 

Мөн аймгийн 24 сумын ахмадуудад зөвлөн туслах баг зөвлөгөө өгдгөөс гадна төрийн үйлчилгээний чиглэлээр мэдээ мэдээлэл өгч байна. Салбар бүрд ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан ахмадууд тухайн салбарынхаа онцлог, арга туршлага, санал, зөвлөгөөг залуучуудад өгч буй нь тэдний ажилд тус дэмтэй байгаа. Түүгээр ч барахгүй ахмадууд маань чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрөөж практик туршлагаа залуучуудад зөвлөж, зааж өгөхдөө илүү их урам авдаг юм. Улсын хэмжээнд хорио цээр тогтоосонтой холбоотой дээрх багуудаас мэргэжил арга зүйн зөвлөгөөг онлайнаар авах боломжтой. Ахмадын хорооны ажилчид ахмадуудын зөвлөгөөг цахим орчинд лайв хийх, мэдээлэл оруулах зэргээр тусалж хамтран ажиллаж байгаа. Зөвлөн туслах багуудын талаарх мэдээллийг аймгийн ахмадын хорооны тэргүүлэгч Д.Норовсамбуу \99468864\, нийгмийн ажилтан Г.Насанжаргал \96546868\ нартай холбогдож авах боломжтой.

Холбоотой мэдээ