ОНХС-гийн хөрөнгө бодит үр дүнг өгч байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-03-06 21:45:08

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Асгат сум улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нөөцийн худагтай болжээ. 

Энэ худгийг түшиглэн сумынхаа төсвийн байгууллага, зарим айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нэгдсэн халаалт, цэвэр устай холбосон байна. Мөн орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар 140 хүний суудалтай Соёлын төвийн барилгыг шинээр барьж ашиглалтад оруулжээ. Хэдийгээр хүн ам цөөтэй ч соёл хүмүүжлийн ажил, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулах тохиромжтой байргүй байсан аж. Үүнийг шийдсэнээр иргэд, хүүхэд залуучууд руу чиглэсэн сургалт, уулзалт, олон нийтийг хамарсан соён гэгээрүүлэх ажлуудыг тохитой зориулалтын байранд явуулдаг болсон нь сайшаалтай.

ОНХС-гийн хөрөнгөөр хаана ямар бүтээн байгуулалт шаардагдаж байгаа талаарх иргэдээс ирүүлсэн саналын дагуу сумандаа нэн тэргүүнд шаардлагатай байсан ухдаг, түрдэг универсал трактортой болжээ. Үүнийгээ ашиглаж сумынхаа хогийн цэгийг эмхэлж цэгцлэх, өвлийн улиралд орон нутгийн чанартай зам давааг засах, онгойлгох, бусад газар шорооны ажлуудыг цаг алдалгүй орон нутагтаа хийдэг болжээ.

Хэрэгцээтэй автомашин, техник хэрэгсэлтэй болох нь бодит үр дүнг өгдөг юм байна. Учир нь энэ жил манай нутагт цас их орсон, цаг агаар хүйтэн, орон нутгийн чанартай зам даваа хаагдсан, мал бэлчээрлэх боломжгүй, малчдын хотонд өвс тэжээл хүргэхэд хэцүү байсан. Тэгвэл дээрх трактораар тухай бүр нь зам давааг онгойлгох ажлыг цаг алдалгүй хийж байна хэмээн Асгат сумын ЗДТГ-аас мэдээлэв.

Газар тариалан эрхлэгчдээ дэмжиж байгаа

ЗДТГ-аас газар тариалан эрхлэгчдээ дэмжсэнээр жил бүр ургац арвин авч байна.

Тухайлбал тус суманд хоёр компани өнгөрсөн хавар 1500 орчим га талбайд улаан буудай, овьёос, хөх  тариа тарьж ургацаа амжилттай хурааж авчээ. Ургац арвин авснаар сумын малчид болон зэргэлдээх сумдын малчид өвс тэжээлээ хангалттай бэлдсэн байна. 1992 оноос газар тариалангийн үйлдвэрлэл бүрэн зогсож ажлын байргүй болсон учраас айл өрх, иргэд олноороо шилжсэн асуудлаас болоод нэг хэсэг Асгат сум байх уу, үгүй юу гэх яриа гарч байсан цаг саяхан.Тиймээс 1998 оноос одоог хүртэл газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудаа бодлогоор дэмжсэнээр газар тариалангийн үйл ажиллагаа сэргэж, малчид, иргэд орон нутагтаа тогтвор суурьшилтай ажиллаж амьдарч байна.

Сумынхаа хуучин уурын зуухны барилгыг сэргээн засварлаж, хоногт 25 тонн будаа тээрэмдэх хүчин чадалтай гурилын үйлдвэрийг суурилуулан тав дахь жилдээ гурил үйлдвэрлэж байна. Ингэснээр сумын эдийн засгийн үндэс болсон мал сүрэг маань өвс, тэжээлээр хангагдаж, өвөл хаврын хүнд хэцүү үеийг ажрахгүй давах боломж нөхцөл бүрдээд байгаа. Өөрийн сум болон зэргэлдээх сумдын гурилын хэрэгцээг хангаж байна. Ирэх хавар мөн тариалалтаа нэмэх төлөвлөгөөтэй байгаа хэмээн Асгат сумын ЗДТГ-аас нэмж дуулгав.

 

Холбоотой мэдээ