Завханд бэлгийн замын халдварт өвчин улсын дунджаас бага байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2020-03-05 19:04:47

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Нэгдсэн эмнэлгийн амбулаторийн тасгийн Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетаар өнөөдрийн байдлаар 130 гаруй хүн үйлчлүүлжээ.

БЗДХ-т өвчин илрүүлэх шинжилгээнд бүртгэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн 70 орчим хувийг хамруулсан байна. Мөн 24 сумын нөхөн үржихүйн насныхныг сайн дурын үзлэгт хамруулж сүүлийн таван сарын байдлаар нийт 460 гаруй хүн зөвлөгөө авчээ.

Тус кабинетаас иргэдийг үзлэгт хамруулахаас гадна залуучууд болон өсвөр үеийнхэнд онцгойлон сургалт зөвлөгөөг ганцаарчилсан, танхимын хэлбэрээр олгодог байна. ДОХ/Тэмбүү илрүүлэх шинжилгээг аймгийн хэмжээнд 58 хүнд хийж, шинээр илэрсэн 15, давтан 12 хүнийг хяналтад авч эмчилсэн байна. Өнөөдрийн байдлаар Завханд БЗДХ өвчин улсын дунджаас бага, сүүлийн гурван жил өвчлөл буурсан сайн үзүүлэлттэй байгаа. Энэ нь нийт халдварт өвчний 20 орчим хувийг эзэлж байна.Түүнчлэн сайн дурын үзлэг шинжилгээг өгөх иргэдийн тоо жил бүр нэмэгдэж иргэдийн хандлага өөрчлөгдсөн нь сайн юм. Учир нь өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад зөвлөгөө шинжилгээ авсан иргэд 40 гаруй хувиар нэмэгдэж залуу гэр бүлүүд хамтдаа ирж урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж буй нь сайшаалтай юм хэмээн Сайн дурын зөвлөгөө шинжилгээний кабинетаас мэдээлэв.

 

Холбоотой мэдээ