Малчдын хотонд өвс тэжээл хүргэх ажлыг хийж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-03-03 21:05:15

Завхан /МОНЦАМЭ/. Монгол Улсын Шадар сайд өнгөрсөн сард Завхан аймагт ажиллах үеэрээ өвөлжилтийн нөхцөл байдлыг харгалзан үзэж 883 тонн өвсийг үнэгүй, 905 тонн тэжээлийг 50 хувийн хямдруулсан үнээр олгохоор шийдвэрлэсний дагуу малчны хотонд нь өвс тэжээлийг хүргэх ажлыг хийж байна.

Дээрх өвс тэжээлийг зудтай байгаа болон өвөлжилт хүндэрсэн сумдад олгох, малчдын хотонд нь хүргэх ажлыг хоёрдугаар сарын 24-нээс эхлэн явуулжээ. Аймгийн Онцгой комиссын гуравдугаар сарын нэгний өдрийн хурлын шийдвэрээр өвөлжилт хүндэрч буй  6 суманд 93 тонн өвс үнэгүй, 110 тонн тэжээлийг 50 хувийн хямдралтай үнээр нэмж олгох. Цас их орсон, мал бэлчээрлэхэд хүндрэлтэй байгаа Баянтэс, Тэс, Асгат, Баянхайрхан, Нөмрөг, Их-Уул, Тосонцэнгэл сумдад малын бэлчээр гаргах, өвс тэжээл хүргэх зам гаргах зорилгоор дальпуу татах ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн билээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар өвсний 84.3 хувь, тэжээлийн 64.7 хувийг малчдын хотонд нь хүргээд байна. Мөн Тосонцэнгэл, Их-Уул, Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан суманд мал бэлчээрлэх болон өвс тэжээл, эмнэлгийн тусламж, төрийн үйлчилгээг хүргэх зорилгоор дальпуу татах ажлыг хийж байгаа  мэдээллийг аймгийн ЗДТГ-аас өглөө.

Завханд 17.4 мянган мал хорогджээ

Завханы 24 сумын 116 багт 9.1 мянган толгой мал өвөлжиж хаваржиж байна.

Үүнээс 17431 толгой мал хорогдоод байна. Тухайлбал Их-Уул суманд 3274, Тосонцэнгэлд 3191, Нөмрөгт 3041, Баянтэс 1778, Тэлмэн суманд 1302 мал хорогджээ. Энэ сарын 15-наас эхэлж мал төллөх төлөвтэй байгаа. Тэс, Баянтэс, Асгат, Баянхайрхан, Тосонцэнгэл, Их-Уул, Түдэвтэй, Нөмрөг, Тэлмэн сум цагаан зудтай, Отгон, Сонгино, Завханмандал, Цагаанчулуут, Эрдэнэхайрхан сум зудархуу байна. Өвөлжилт хүндэрсэн сумдын 199 өрхийн 288 малчин, 87.1 мянган толгой мал хөрш зэргэлдээ Архангай, Баянхонгор, Хөвсгөл аймагт отроор өвөлжиж байна. Цас их унасны улмаас мал бэлчээрлэх боломжгүй болж, тэжээлд орсон байгаа тухай мэдээллийг аймгийн ХХААГ-аас өгөв.

Орон нутгийн хаагдсан зам давааг нээх

ажлыг хийж байна

Завхан аймагт Улсын Онцгой комиссоос хөнгөлөлттэй үнээр олгож буй аймгийн аюулгүйн нөөцөөс өвс, тэжээлийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр малчны хотонд хүргэх ажлыг 24 суманд зохион байгуулжээ.

Мөн өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцах ажлын хэсэг хөдөөгийн 23 суманд нэг, хоёрдугаар сард ажилласан байна. Баянтэс суманд 1000 километр, Тэс суманд 284 километр дальпуу татаж, Баянхайрхан суманд дальпуу татахад 2.5 сая төгрөг, Асгат суманд 1.5 сая төгрөгийг тус тус шийдвэрлэж өглөө. Дээрх сумдад нийт 14.1 сая төгрөгийн өвс, тэжээлийн үнийн хөнгөлөлт үзүүлжээ.

Мөн бусад аймаг, сумдын нутагт отроор өвөлжиж буй малчдыг эргэх ажлыг зохион байгуулж дөрвөн чиглэлд 200 малчин өрхийн хот айлаар орж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцав. Өнгөрсөн хоёрдугаар сард нийт нутгаар хур тунадас их хэмжээгээр орсон. Ялангуяа Завханы зүүн болон, хойд сумдын нутагт цас ихтэй. Зарим газраа хунгарласан мал бэлчээрлэх боломжгүй. Орон нутгийн чанартай хэд хэдэн зам даваа хаагдсан байгаа. Нийт нутгаар  цасны зузаан 10-35 см, хунгарласан газартаа 40-60 см, гуу жалгандаа 70-120 см зузаан цастай. Хүйтний эрч Баянтэс суманд-48 градус болж хүйтэрсэн байна. Тиймээс орон нутгийн чанартай зам давааг нээх, дальпуу татах ажлыг тухай бүр нь хийж байгаа хэмээн аймгийн ЗДТГ-аас нэмж дуулгав.

 

Холбоотой мэдээ