Завхан аймагт хяналтын 13 цэг ажиллахаар болов

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2020-03-02 15:40:35

Завхан /МОНЦАМЭ/. Завханы Онцгой комисс 2020 оны гуравдугаар сарын нэгний өдөр хуралдаж хот хоорондын хөдөлгөөнийг нээхтэй холбоотойгоор орон нутагт 50 км тутамд эмнэлгийн хяналтын 9 цэгийг ажиллуулахаар болов.

Улсын Онцгой комиссын хурлын шийдвэрээр хот хоорондын хөдөлгөөнийг гуравдугаар сарын гуравны өглөөний 06.00 цагаас нээхтэй холбогдуулан аймгийн хэмжээнд дараах арга хэмжээг хэрэгжүүлэхээр аймгийн Онцгой комиссоос шийдвэрлэжээ. Тухайлбал аймгийн хэмжээнд 13 цэгт хяналтын постыг гуравдугаар сарын 5-ныг дуустал ажиллуулахаар болжээ. Эдгээр хяналтын пост нь орон нутгаас Улаанбаатар хот руу болон Улаанбаатараас - Завхан аймгийг дайран өнгөрөх автозамууд дээр ажиллах бөгөөд автомашинуудын хурдыг хянахаас гадна тандалтын асуумж авч ажиллах юм байна. Тухайлбал Улаанбаатараас - Улиастай руу орох иргэн бүрээс асуумж авах аж. Харин орон нутгаас Улаанбаатар хот руу явж буй иргэдийн хувьд зөвхөн нэг тээврийн хэрэгслээс нэг л асуумжийг авах юм байна. Хяналтын постыг орон нутгийн автозамын хөдөлгөөний эрчимжилтээс шалтгаалж тоог нь цөөлөх юм байна.


Аймаг дотроо эмнэлгийн 9 цэгийг автозам дээр ажиллуулна

Завхан аймгийн хэмжээнд орон нутгийн замд 50 км тутамд эмнэлгийн хяналтын 9 цэг ажиллахаар болжээ.

Тухайлбал Их-Уул, Тосонцэнгэл, Тэлмэн, Улиастай, Цагаанхайрхан, Асгат, Нөмрөг, Ургамал, Түдэвтэй сумын эрүүл мэндийн төвийн эмч нарын баг ажиллах аж. Эдгээр хяналтын цэг нь аймгийн нутаг дэвсгэрт гадна аймаг, сумаас орж ирж буй хөдөлгөөнд хяналт тавихаас гадна иргэдээс тандалтын асуумж авч угтан зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм байна.

Аймгийн Онцгой комиссоос Улиастай руу гаднаас орж ирж байгаа хөдөлгөөнд тавих хяналтаа чангатгах, хүн бүрээс асуумж авах. Гуравдугаар сарын 2-ны өдрийн өглөөний 06 цаг гэхэд улсын чанартай болон орон нутгийн зам давааг зорчих хөдөлгөөнд саадгүй болгох үүргийг зам засвар арчлалтын АЗЗА, Пирамид-Проект ХХК-д даалгав.

Орон нутгийн автозамын хөдөлгөөнийг нээсэнтэй холбоотой хот хоорондын тээвэр, агаарын тээврээр хүрэлцэн ирж буй иргэдэд “Угтах-зөвлөх үйлчилгээ”-г үргэлжлүүлэн зохион байгуулахаар болов. Ингэхдээ автобус, онгоцны зорчигч бүрээс тандалтын асуумж авч, халуун үзэх, амны хаалт, гар ариутгалын талаарх зөвлөгөөг өгөх юм байна.

Аймгийн 24 сумын Засаг дарга, эмч, хэсгийн төлөөлөгчөөс бүрдсэн сумдын “Хяналтын баг”-ийн ажлыг эрчимжүүлж, суманд гаднаас орж ирж байгаа хөдөлгөөнд байнгын хяналт тавьж бүртгэж, мэдээлж байхыг аймгийн Онцгой комиссоос тус тус шийдвэрлэжээ. 

Холбоотой мэдээ