Хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдээс 36 хүнд нөхөн олговор олгох шийдвэр гарчээ

Орон нутагт | Баян-Өлгий
bayanulgii@montsame.gov.mn
2019-09-10 21:25:22

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгаас улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах болон хорих ялаар шийтгүүлсэн хүмүүсийн эхнэр /нөхөр/, үр хүүхдүүдээс 36 хүнд нөхөн олговор олгох шийдвэр гарчээ.

"УИХ-аас 2018 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр орон сууц аваагүй улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид нөхөн олговор олгохоор шийдвэрлэсэн юм. Үүний дагуу тус аймгийн хэлмэгдэгсдийн үр хүүхдүүдээс нөхөн олговор олгохыг хүссэн нийтдээ 70 хүний өргөдөл, материалыг хүлээн авч, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комисст уламжилсан. Үүнээс эхний ээлжид 36 хүний шүүхийн шийдвэр гарч, 40-80 сая төгрөгийн нөхөн олговор олгохоор болоод байна. Улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ялаар шийтгүүлсэн хүний эхнэр /нөхөр/, хүүхдэд нь 80 сая, хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгч, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр /нөхөр/, хүүхдэд нь 40 сая төгрөг олгоно" гэж аймгийн ИТХ-ын ажлын албаны мэргэжилтэн Х.Маргулан хэллээ.

Харин үлдсэн хүмүүсийн нөхөн олговор шийдэгдэх шатанд явж байгаа аж.

Өнөөдөр тохиож буй "Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр"-ийг угтан аймгийн ислам шашны сүмүүдэд буяны ном хурах, аймгийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар ард иргэдэд мэдээлэл өгөх ажлуудыг зохион байгуулж байгааг тэрээр онцоллоо.

Дашрамд дурдахад, түүхчид 1937 оны есдүгээр сараас 1940 оны дөрөвдүгээр сар хүртэл үргэлжилсэн баривчилгаанд улсын хэмжээнд нийтдээ 30 орчим мянган хүн өртөж хэлмэгдсэн талаар өгүүлдэг. Харин тус аймгаас хилс хэргээр  хэдэн хүн хэлмэгдсэн талаар тодорхой мэдээлэл байхгүй бөгөөд эрдэмтэн Х.Зардыхан 3270 хүн хэмээн бичжээ. Эдгээр иргэдийг Гэндэн, Дэмид нарын төрийн эсрэг хуйвалдаанд оролцож гадаадад оргон гарахыг завдсан, ислам шашныг дэвэргэн ард түмнийг буруу ухуулгаар татсан, Октябрийн хувьсгалаас оргож Монголд орж ирсэн, Японы тагнуул байсан зэрэг зохиомол хэрэг тулган ялласан талаар түүхийн эх сурвалжуудад дурдсан ажээ.

 

 

Холбоотой мэдээ