Эсгий хийх баярт гадаадын 300 гаруй жуулчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-08-08 11:17:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хужирт суманд долоо дахь жилдээ зохион байгуулсан монгол эсгий урлалын баярыг энэ жил 300 орчим гадаадын жуулчин сонирхжээ.

Монголчуудын брэнд болсон эсгий, эсгий урлалыг олон нийтэд сурталчилан таниулах, эсгий хийх уламжлалт аргыг орчин үетэй хослуулж шинэ бүтээл гаргах, гадаад дотоодын жуулчдыг татаж нутгийн иргэдэд орлого олох боломжийг нэмэгдүүлэх зорилготой тус баяр энэ жил өргөн хүрээг хамарчээ.

Тухайлбал, эсгий хийх, хонь хяргах, ширмэл ширдэг ширэх, утас ээрэх, эсгийгээр төрөл бүрийн гар урлалыг урлах,  цагаан идээ боловсруулах зэрэг олон төрлийн уралдаан, тэмцээн болж эдгээр үйл явцыг 1000 гаруй хүн үзэж сонирхсноос гадна жуулчдын зарим нь гар бие оролцсон нь онцлог байлаа.

Мөн эсгий урлал, бүтээгдэхүүнээр үзэсгэлэн гаргаж, иргэдийн ашиг орлогод дэмжлэг үзүүлсэн аж. Нүүдэлчин монголчуудын амьдрах орчны нэг хэсэг болох эсгийг урлах нь олон үе шаттай, нягт нямбай ажил болохыг бодитоор харсандаа баяртай байгаагаа гадаадын зарим жуулчид илэрхийлж байв. 

Холбоотой мэдээ