Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцох зөрчил 66 хувиар нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-17 11:59:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр замын хөдөлгөөнд оролцох зөрчил эхний таван сарын байдлаар 66 хувиар нэмэгдсэн гэж Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээллээ.

Энэ төрлийн зөрчил нэмэгдэхэд иргэд хуучны жолооны үнэмлэхээ солихгүй байгаа нь нөлөөлж байна.

"Манай улсад 2004 оноос жолооны үнэмлэхийг хугацаатай болгосон. Цагдаагийн ерөнхий газар болон холбогдох бусад байгууллагууд 2015 оноос өмнө нь ашиглаж байсан шар үнэмлэхийг солих, шинэчлэх асуудалд анхаарч ажиллаж байна. Энэ хүрээнд нөлөөллийн олон ажил зохион байгуулсан. Гэвч хөдөө сумдын төвөөс алслагдан амьдарч байгаа иргэд шар үнэмлэхээ солиогүй байна. 2019 оноос мөрдөгдөж эхэлсэн замын хөдөлгөөний шинэчилсэн дүрмээр шар үнэмлэхийг хүчингүйд тооцсон. Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй гэж үздэг болсон" гэдгийг Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч П.Банзрагч хэллээ.

Иймд жолооны үнэмлэхний хугацаа нь дууссан, хуучин үнэмлэхээ сольж амжаагүй иргэд иргэний үнэмлэх, жолооны шинэ үнэмлэхний үнэ болох 12500 төгрөгийг Төрийн банкинд тушаасан баримтаа авч ирж аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасагт захиалгаа өгөх боломжтой ажээ.  

 

Холбоотой мэдээ