Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Бүгд Найрамдах Киргиз улсын Парламентын гишүүд бараалхав

Монголын мэдээ | Улс төр
ariunbold@montsame.mn
2019-06-13 08:21:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Киргиз улсад албан ёсны айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад тус улсын Парламентын дарга Д.А.Джумабеков, Парламент дахь Киргиз-Монголын найрамдлын бүлгийн дарга К.С.Нурматов тэргүүтэй парламентын гишүүд бараалхлаа.


Киргиз улсын Парламентын дарга Д.А.Джумабеков Монгол Улсын Ерөнхийлөгчийн айлчлал амжилттай үргэлжилж, айлчлалын үеэр Монголын Элчин сайдын яам нээгдэж байгаа нь хоёр улсын харилцаанд үлэмж нөлөөтэй болохыг цохон тэмдэглэлээ. Мөн парламентын засаглалтай орнуудын хувьд ардчилал, хүний эрх, эрх чөлөө нь үнэт зүйл болохыг дурдаад Монголын парламент, ардчиллын төлөвшлийг үнэлж явдгаа илэрхийлсэн юм.


Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хууль тогтоох дээд байгууллага хоорондын хамтын ажиллагаа нь хоёр орны харилцааг урагшлуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг тул харилцан айлчлах, туршлага солилцох зэрэг асуудалд анхаарал хандуулахыг хүсэв. Уулзалтын үеэр мөн эдийн засгийн харилцаа нэг сая ам.доллар хүрэхгүй байгаа нь чамлалттай үзүүлэлт гэдгийг хоёр талаасаа хэлж, худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх боломж, бололцооны хүрээнд санал солилцлоо.


Эдийн засгийн харилцаанаас гадна Дэлхийн нүүдэлчдийн 5-р наадмыг Монгол Улсад зохион байгуулах, Киргизийн музей, архивт хадгалагдаж байгаа соёлын өв, дурсгалуудаа бүртгэн судлах, зарим спортын төрлөөр хамтарсан бэлтгэл хийх зэрэг олон асуудлаар ярилцав. Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Киргиз улсад болж буй ШХАБ-ын хуралдааныг амжилттай зохион байгуулж буйд нь талархал илэрхийлж, амжилт хүсэв.

Холбоотой мэдээ