БНСУ-ын Дэжин их сургуульд 30-70 хувийн хөнгөлөлттэй суралцах боломж нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2019-05-30 22:42:57

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймаг, БНСУ-ын Дэжин их сургуультай хамтран ажиллах хүрээнд аймгийн Засаг дарга Г.Ганболд, тус сургуулийн гадаад харилцаа хариуцсан төвийн дарга Квон ху нар санамж бичгийг үзэглэлээ.

"Сүүлийн жилүүдэд эцэг эхчүүд хүүхдүүдээ гадаадад их, дээд сургуульд сургаж, мэргэжил эзэмшүүлэх сонирхол нэмэгдсэн. Үүнийг зуучлалын компаниуд ашиглаж, зуучилж өгөх нэрийдлээр тэднээс өндөр хөлс авч эцэг эх, хүүхдүүдийг санхүүгийн дарамтад оруулж буй бодитой жишээ амьдралд олон тохиолдож байна. Дээрх санамж бичгийг байгуулснаар Дэжин их сургууль Өвөрхангай аймгаас бүрэн дунд сургууль төгссөн сурагчдыг 30-70 хувийн хөнгөлттэй суралцах боломжийг бүрдүүлж,  тус сургуульд суралцах хүсэлтэй хүүхдийн визийг хурдан, шуурхай гаргахад ЭСЯ-тай хамтран ажиллана"  хэмээн уулзалтын үеэр мэдээлэв.

Аймгийн Засаг дарга хэлэхдээ: “Монгол Улсад чанаргүй хувийн их, дээд сургууль олон байна. Эдгээрт суралцаж, эцэг эхийнхээ хамаг мөнгийг үр ашиггүй зарцуулж эцэст нь ажлын байргүй үлдэж байгаа жишээ цөөнгүй байна. Тиймээс гадаадад хөнгөлөлттэй боловсрол эзэмшиж, хэл сурах нь тухайн хүүхдийн ирээдүйн амьдрал илүү баталгаатай” гэсэн юм.

Дэжин нь БНСУ-ын томоохон их сургуулийн нэг бөгөөд Сөүлээс 25 км зайд байрладаг, 10500 оюутантай, 500 гаруй багш, ажилтантай, 50 орчим чиглэлээр бакалвар, магистр, докторын зэрэг олгодог  аж.

Холбоотой мэдээ