Хоригоо цуцалсан тохиолдолд зэвсэг нийлүүлэхэд бэлэн байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-28 12:44:18

МОСКВА. /TASS/. Зөвхөн хориг арга хэмжээгээ цуцалсан тохиолдолд Оросын болон Зөвлөлтийн үйлдвэрлэлийн галт зэвсгийг АНУ-ын Батлан хамгаалах яаманд нийлүүлнэ гэж ОХУ-ын төрийн мэдлийн "Ростех" корпорац мэдэгджээ.


Пентагон ОХУ болон ЗХУ-ын үед үйлдвэрлэсэн галт зэвсгүүдийн сум нийлүүлэх тендер зарласан тухай мэдээлэл “Defence Blog” цахим хуудаст урьд нь гарсан байна. Ийм сумнуудыг НАТО-гийн стандартын зэвсгүүдийг ашигладаггүй бүс нутгуудад нийлүүлэхээр төлөвлөж байгаа аж.


“Өдгөө ОХУ-ын зэвсгийн үйлдвэрлэлийн салбар нь Зөвлөлт/Оросын стандартын бүх төрлийн зэр зэвсгийг мөн НАТО-гийн стандартын зарим төрлийн зэвсгийг дэлхийн зах зээлд нийлүүлэх чадалтай. ОХУ-ын орчин үеийн зэр зэвсгүүд гол шинж чанараараа дэлхийн хамгийн шилдэгт тооцогддог. Зөвхөн холбогдох хориг хязгаарлалтыг цуцалсан тохиолдолд Оросын өндөр чанартай зэвсгийг АНУ-д нийлүүлэх боломжтой” гэж Ростехийн мэдээлэлд цохон тэмдэглэжээ.  

Тендерийн жагсаалтад орсон сумнууд нь ЗХУ болон ОХУ урьд нь Ази, Ойрхи Дорнод, Африк, Латин Америкийн орнуудад их хэмжээгээр нийлүүлсэн гар буу, автомат буу, пулемёт, винтовны сумнууд гэдгийг мэдээлэлд мөн онцлон дурдсан байна.


Пентагон өмнө нь Зөвлөлт болон Оросын зэвсгүүдийг АНУ-д үйлдвэрлэхийг сонирхож байсан юм. АНУ-ын Зэвсэгт хүчний Тусгай ажиллагааны командлал Оросын 7.62 мм-ийн ПКМ пулемёт болон 12.7 мм-ийн том калибрын НСВ пулемётыг эх орондоо үйлдвэрлэх боломжийг судалж үзсэн гэж "National Interest " сонин өнгөрсөн оны гуравдугаар сард мэдээлж байжээ.


Холбоотой мэдээ