“Дарханы хөгжил -2016” олон улсын эдийн засгийн форум эхлэв

Орон нутагт | Дархан-Уул
norovsambuu@montsame.mn
2016-03-28 16:16:36

Дархан хотыг олон улсын хөрөнгө оруулагчидтай холбож хамтарч хөгжүүлэх зорилгоор зохион байгуулж буй  “Дарханы хөгжил-2016” олон улсын эдийн засгийн форум өнөөдөр Дархан хотод эхлэв.

Уг форумд ОХУ-ын Буриад, ӨМӨЗО, БНТУ, Канад, Франц зэрэг улсын төлөөлөгчид, Монгол улсын холбогдох яам,  болон зарим томоохон хөрөнгө оруулагч компаниудын төлөөлөл оролцож байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Оросын Холбооны Буриад Улсын Ардын Хурлын дарга Ц.Д.Доржиев, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Худалдааг дэмжих хорооны намын дарга Ли Жан Янг, Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын худалдааны зөвлөх Огуз Куюумчи нарын зочид мэндчилгээ дэвшүүлж форумын ажиллагаанд амжилт хүслээ.

Форумын аймгийн ИТХ-ын дарга П.Эрдэнэбат нээж хэлсэн үгэндээ:-“Олон улсын эдийн засгийн форумыг аймагтаа зохион байгуулах нь Дарханчуудын төдийгүй Монгол Улсын хувьд ч, гадаад дотоодын бизнес эрхлэгчдэд ч чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Иймд энэхүү эдийн засгийн форумаар Дархан-Уул аймгийн өмнө тусгамдаж буй нийгэм эдийн засгийн хүндрэл бэрхшээлүүдийг хэрхэн давах, олон улсын хөрөнгө оруулалтыг татсан бүтээн байгуулалтыг өрнүүлэх талаар дэвшүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдтэй танилцаж халуун дотно яриа, хэлэлцүүлэг өрнөж хамтадаа зөв гарцыг эрэлхийлж бодит шийдэлд хүрэх боломжтой болж байна” гэж онцлов.

Нэгдсэн хуралдааныг “Дархан хотын хөгжлийн төлөв”, “Дарханы аж үйлдвэрийн хөгжил”, “Дархан хотод хөрөнгө оруулалт хийх боломжууд” гэсэн гурван асуудлаар хийж байна. “Дархан хотын  хөгжлийн ирээдүй” сэдэвт үндсэн илтгэлийг Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд тавив. Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Хөрөнгө оруулалтын орчин түүнийг сайжруулах арга зам”, Гавъяат барилгачин Я.Шархүү “Дархан хотыг жишиг хот болгон хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө”, “Дархан Үйлдвэр технологийн парк”-ийн захирал Ц.Давааням “Үйлдвэр технологийн паркийн ирээдүйн хөгжил”, Ө.Мөнгөнсарнай “Гудамж төсөл”, “Дархан төмөрлөгийн үйлдвэр”-ийн дэд захирал К.Энхчулуун “Уул уурхай, хар төмөрлөгийн цогцолбор” зэрэг илтгэлүүд тавьж хэлэлцүүлж байна.

“Дархан хотын хөгжлийн ирээдүй” сэдэвт үндсэн илтгэлийг Дархан-Уул аймгийн Засаг дарга А.Энхболд тавив. Аймгийн Засаг дарга А.Энхболд тавьсан илтгэлдээ:-“Дархан хот нь авто болон төмөр замын зангилаанд оршдог давуу талаа ашиглаж аялал жуулчлалын бүсийн гол төв болох ёстой. “Миний Монгол” цэцэрлэгт хүрээлэн, “Найрамдлын шилэн цогцолбор” байгуулах, Бизнесийн таатай орчин бүрдсэн казина бүхий аялал жуулчлалын төв байх, Эрүүл ЭКО хөгжлийн загвар хот болно, Хотоо хөгжүүлэх 37 төслийг хэрэгжүүлэхээр аймгийн ИТХ-аараа хэлэлцүүлж батлуулсан эдгээрийг ажил үйл болгохоор хөрөнгө оруулагчдад санал болгож байна” гэлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан тавьсан илтгэлдээ “Дархан хотын хөгжиж ирсэн түүхийг задлан шинжилж цаашид хэрхэн яаж хөгжиж болох төлөвийг дараах байдлаар тодорхойллоо. Үүнд Дархан хөрөнгө оруулалтыг татах ёстой. Ингэхдээ хувийн болон гадаадын хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй гэв.

Мөн бүх юмыг хийх гэж зүтгээд хэрэггүй, ямар салбарт юу хийж болох вэ? гэдгийг сайн судлаж байж эхлэх хэрэгтэй. Ялангуяа экспортод түлхүү анхаарал тавих нь зүйтэй. Дарханчуудынхаа 100 мянган хүнийхээ оролцоог бүрэн хангахын тулд ахмадууд, эмэгтэйчүүд, залуучуудынхаа саналыг бүрэн сонсож байж шийдвэр гаргадаг байх. Хөрөнгө оруулалтыг татахдаа тогтвортой бодлого баримтлах ёстой. Дархандаа хэрэгжүүлж байгаа өөрийн дүрэм журмаа яс мөрдөх нь зүйтэй. Удирдлага нь солигдмогц өмнөх даргынхаа хийж байсныг эрс өөрчлөх нь төрийн залгамж халаа алдагддаг. Ямар нэгэн гэрээ хэлцэл байгуулахдаа сайтар судалж байж шийдвэр гаргах хэрэгтэй. Хэрэгжих үндэслэлтэй юу? үндэслэлгүй юу? гэдгийг үзэж байж шийдэх нь чухал” гэв.

“Дарханы хөгжил -2016” олон улсын эдийн засгийн форум хоёр өдөр үргэлжилнэ. 

                                                                                                                                                        Б.Норовсамбуу

Холбоотой мэдээ