Тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан боловсролын арга зүйн сургалт болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-05-07 21:24:05

Ховд /МОНЦАМЭ/.  Ховд их сургуулийн зайн сургалтын төвөөр дамжуулан “Тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан Steam боловсрол” сэдэвт сургалт зохион байгууллаа. Сургалтад ХИС-ийн Байгалийн шинжлэл, технологийн сургуулийн багш, оюутнууд оролцов.  

Тус сургалтын зорилго нь орон нутгийн их, дээд сургуулийн багшийн арга зүй, оюутны хөгжлийг дэмжих, дээд боловсролын хөтөлбөрийн чанар, тэгш хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд чиглэж байлаа.

Энэхүү сургалтыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй БСШУСЯ-ны Дээд боловсролын шинэчлэл төслийн хүрээнд танхимын ба зайн, онлайн сургалт гэсэн 2  хэлбэрээр зохион байгуулснаараа онцлог юм.

Сургалтын үр дүнд ХИС-ийн багш нар тогтвортой хөгжлийн зарчимд суурилсан Steam боловсролын сургалтын арга зүйг өөрийн сурган хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх  үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломж бүрдлээ.

Цаашид багш нар энэ чиглэлийн сургалтын нэмэлт ба сонгон судлах хичээлийн нэгдмэл хөтөлбөр боловсруулж хамтран ажиллахаар болов. Харин оюутнуудын хувьд онлайн сургалтын агуулгыг тогтвортой хөгжлийн боловсролын агуулгад нийцүүлж,  ажиглалт, даалгавраас бүрдсэн төлөвлөгөө гаргахаар болжээ.   

Энэ удаагийн танхимын сургалтын чиглүүлэгчээр  БСШУСЯ-ны  төслийн БДБ-ын мэргэжилтэн доктор Д.Үүрийнтуяа, БМДИ-ийн физикийн багшийн хөгжил хариуцсан арга зүйч Н.Сайнбаяр, МУБИС-ийн багш Т.Ганзориг, МУБИС-ийн багш Ц.Гэрэлтуяа нар ажилласан бөгөөд сургалтад оролцогчдын идэвх санаачилга, эв нэгдлийг  өндрөөр үнэлсэн байна.  

Холбоотой мэдээ